Ц.Нанзаддоржийг Цэцийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийн хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх зохицуулалтыг тусгасан байдаг.

Тодруулбал, дээрх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж гишүүнийг чөлөөлүүлэх саналыг анх илгээсэн байгууллага Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Үндсэн хуулийн цэцийн тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллага буюу Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн саналыг Б.Энхбаяр дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддоржийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Иймд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар боллоо