Монгол инженерүүдийн оюуны бүтээмжид талархъя!

“Монгол Улс цахим үндэстэн болно” гэхэд тэд инээж байв. Элэнцэгнийх нь “И-Монголиа” гэх нь холгүй л тохуурхаж байлаа. Нийтээрээ биш ч нэжгээд хэсэг нь. Гэхдээ эл ажил урагшилсан, цааш явдгаараа явсан. Эхний ээлжид “E-Mongolia 1.0” системийг нээж, Төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг одоогоос гурван жилийн өмнө, 2020 оны аравдугаар сард эхлүүлсэн юм. Үүнээс яг жилийн дараа 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг уг системд нэгтгэж, 733 мянган гар утасны хэрэглэгчтэй болж, 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлсэн тухай “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээний тайзнаас Ерөнхий сайд мэдэгдэж байв. Харин өнөөдөр Монгол Улсын цахим ур чадварын үзүүлэлт 48.3 хувьд хүрч, “И-Монгол академи”-ийнхан ХУР, ДАН, erp emongolia, lavlagaa.mn e-cabinet, docx.gov.mn, тоон гарын үсгийн болон мэдэгдэл хүргэх систем, opendata.gov.mn зэрэг Төрийн 29 системийг хариуцан хөгжүүлж байна. “И-Монголиа”-гаас гадна ийм тооны системийг монгол инженерүүд өөрсдийн оюун санаанд тулгуурлан хөгжүүлж, Төрийн үйлчилгээг цахимжуулахад хувь нэмрээ оруулж явна.

Толгой нь Төрийн мэдлийнх ч хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх биш хамтарч ажиллаж ирсэн нь тус академийн тулгуур зарчим. ХУР системтэй холбогдож, мэдээлэл авч ашиглаж байгаа 462 байгууллагын 329 нь хувийн хэвшлийнх. Дийлэнх, олонхи нь гэсэн үг. Үндсэндээ цахим үндэстэн болоход хувийн хэвшлийн оролцоо жин дарж эхэлсэн нь энэ. Төр, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүйгээр менежментээ зөв зохицуулаад явах Ерөнхий сайдын санаачилга, Засгийн газрын бодлого “И-Монголиа” системд хамгийн бодитоор буусныг эндээс харж болохоор. Монгол Улс бүхэлдээ цахимжих нь Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргээд зогсохгүй хувь хүнээс хамаарсан хүнд суртлыг багасгах сайн талтай. Хүнд суртал багасна гэдэг авлигыг багасгана гэсэн үг. Авлига багассанаар ажил хурдан бүтнэ, арын хаалга гэх ойлголтыг таягдан хаяна. Ерөөс Төр өөрөө цэвэршиж, тунгалагшина. Төртэй харилцах иргэдийн оролцоо илүү ил тод, шуурхай болно. “И-Монголиа”-д тусгуурлаж, цахим үндэстэн болох цаад зорилго нь ердөө л ийм. 

Харин одоо хөгжүүлж буй “И-Монголиа 4.0” системийн хүрээнд төлбөрийн нэгдсэн шийдлийг ирэх онд нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа “И-Монгол академи”-ийнхан Ерөнхий сайдад дуулгажээ. Өөрөөр хэлбэл, Төрийн үйлчилгээг цахимаар аваад зогсохгүй төлбөр тооцоог ч тус системээр хийх нь цаг хугацааны л асуудал болох нь. Гол нь дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлах, ингэхдээ эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд анхаарахыг Ерөнхий сайдын зүгээс онцгойлон үүрэг болгожээ. Иргэдэд хамгийн хамаатай энэ салбарын үйлчилгээг цахимжуулах эмнэлгийн урт дарааллаас эхлээд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах олон давуу талтай. Нийтийн тээвэр тэргүүтэй Төрийн нийслэлийн үйлчилгээг ч цахимжуулах асуудлаар Засаг даргын Тамгын газартай ч хамтран ажиллахыг онцолсон байна. 

Өөр нэгэн анхаарал татахуйц асуудал нь Төрийн зүгээс цаашид системийн хөгжүүлэлт хийхгүйгээр холбогдох тооцоо, судалгаа, стандарт, загварчлалд үндэслэж хувийн хэвшлийнхэн нь гүйцэтгэх зарчмаар ажиллах гэнэ. Анх нэвтрүүлж эхлэхэд 200 гаруй тоонд хязгаарлагдаж байсан “И-Монголиа” өнөөдөр 86 байгууллагын 1106 үйлчилгээг үзүүлэх хэмжээний өгөгдөл, ДАТА санг бүрдүүлж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая хандалт авсан маргаангүй амжилт. Үр дүнд нь 706.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн нь эдийн засаг талаасаа эерэг үзүүлэлт, сайн жишиг.

Монгол Улсад яагаад цахим засаглал хэрэгтэй байгаагийн бодит илрэл. Гуравхан жилийн хугацаанд 1106 үйлчилгээг цахимжуулж, 706.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ гэдэг нь маргаангүй үсрэлт мөн үү? мэдээж тийм. Нэг үгээр, монгол инженерүүд хийж чаддаг болсон байна. Хувийн хэвшил түүнийг нь дэмжиж чадаж байна. Эцсийн дүндээ бүх юманд оролцоотой байх ёстой гэсэн хуучинсаг хэрнээ хүнд суртлын, хөгжлийн тушаа болж ирсэн хандлагаасаа Төр өөрөө татгалзаж, хийж чаддагт нь ажил хариуцуулж болдгийн бодит жишээг "И-Монголиа" түүнийг дагасан цахим үсрэлт харуулж байна. Төр гэхээрээ хааж, боодог, хориглож, хязгаарладаг институци биш эсрэгээрээ бодлогоор дэмждэг, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээс бусдаар аливаа асуудлыг хувийн хэвшлээр шийдүүлэх нь хамгийн оновчтой хувилбар гэсэн үг.  Тиймээс л энэ хүртэл системийг хөгжүүлж, хүртээмжтэй хүргэх гол хөшүүрэг болж яваа Монгол инженерүүдийн оюунд талархах нь зүйн хэрэг!

С.Сүлд