Тэрбум ам.доллар гэдэг бидэнд мөрөөдөл байлаа

2022 оны аравдугаар сарын 26. Монголын улс төрийн уур амьсгалд бүхэлдээ шуурга дэгдэж эхэлсэн энэ үед Засгийн газраас нэгэн шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмэх шалтгаан болов. Учир нь, Засгийн газрын 385 дугаар тогтоолын хүрээнд Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг баталсан юм. Тогтоол албажсан даруйд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, шаардлагатай тохиолдолд нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх онцгой бүрэн эрх нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад шилжсэн түүхтэй. 

Лав л БЭТ томилсны маргааш нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий нягтлан нь хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 20.9 тэрбум төгрөгийг шилжүүлэх баримтад гарын үсэг зуруулахаар оруулж ирснийг буцаасан байдаг. Үндсэндээ БЭТ томилохоос нэг хоногийн өмнө нууц нэрийн дор ямар ч банкны баталгаагүйгээр 20.9 тэрбумын гүйлгээг урьдчилгаа төлбөр хэлбэрээр шилжүүлэх оролдлого хийх гэж байсан нь тийнхүү бүтэлгүйтсэн хэрэг. Хэдийгээр БЭТ томилсноор эл гүйлгээг таслан зогсоосон ч “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжсан нүүрсний хулгай бодитой, тэнд төвлөрч ирсэн экспортын орлогыг ямар ч хяналтгүйгээр ханцуйн дотроо наймаалцаж байсныг илтгэх ганцхан жишээ, гол факт баримт нь болсон юм. 

Үүнээс хойш, түүнээс цааш юу болсныг бүгдээрээ мэднэ. Оффтэйк гэрээнээс эхлээд нууц нэрээр халхавчилсан олон асуудал тэндээс ундарсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж асан Б.Ганхуяг яагаад албан тушаалаа өгөхгүй гэж гүрийсэн, парламентын 30 гаруй гишүүн түүнийг дэмжсэн, энэхүү улс төр нь Ерөнхий сайдыг огцруулах хэмжээний өргөжсөн зэргээр үргэлжилсэн. Ганц үнэн нь гэвэл сайд асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын гэм буруутай эсэхийг жил дуншин явсаар шүүхээр дэнсэлж эхэллээ. Энэ хооронд “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг дахин сунгасан нь өнгөрсөн сард дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, тус компанийг өдгөө удирдлагыг БЭТ биш гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч хэрэгжүүлж байгаа юм. 

Сонирхолтой нь, ““Эрдэнэс Тавантолгой”-д дахин онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг шинээр томилно” гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн нь саяхан. Тийм ч байж болох. Үнэхээр компанийн удирдлагыг гүйцэтгэх захирал нь биш БЭТ хэрэгжүүлснээр эерэг үзүүлэлт гарч, улсын төсөвт нэмэртэй байгаа бол үйл ажиллагаа нь жигдэрч, орлого, зарлага нь олон нийтэд нээлттэй, хамгийн гол нь “Шилэн” болтол нь онцгой дэглэмээр ажиллуулах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. 

Ямар ч байсан БЭТ томилсноор, нүүрсийг уурхайн амнаас гардгаар нь бус биржийн үнээр зарж эхэлснээс хойшх есөн сарын хугацаанд 59 удаагийн арилжаа хийж тэрбум ам.долларын үнэлгээ бүхий найман сая тн нүүрсийг худалдаалсныг тус компаниас саяхан зарлалаа. Сайн мэдээ юу гэвэл сайн мэдээ. Монголын Хөрөнгийн биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш 11.1 сая тн-ыг арилжсанаас найман сая буюу 72 хувийг “Эрдэнэс Тавантолгой” дангаараа хариуцаж байгаа нь эерэг үзүүлэлт. Эерэг гэдэг нь энэ компанийг үүсгэн байгуулсан 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалт хийсэн цаг үе 2019 онд буюу 15.5 сая тн-оор хэмжигддэг. Хамгийн дээд үзүүлэлт нь. Хилийн хориг, хязгаарлалтай үе болох 2020, 2021 онд дунджаар 9.1 сая тн болж буурсан нь мэдээж доод түвшиндээ орно.

Гагцхүү 2022 оны аравдугаар сараас тогтоосон онцгой дэглэмээс хойш 11 сарын хугацаанд 24.5 сая тн нүүрсний экспорт хийж, 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь “Эрдэнэс Тавантолгой”-д ямар хэмжээний нөөц боломж байсны илрэл. Төв банканд 1.4 тэрбум ам.доллар арилжиж, валютын нөөцийг 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн нь эдийн засгийн бодит өсөлт, бас дэмжлэг мөн үү? мэдээж мөн. Нэг үгээр компанийн үйл ажиллагаа сайжирснаар нүүрсээ хил нөхцөл болон биржээр борлуулдаг болсон нь засаглал талаасаа дэвшил. Санаж байгаа бол 2008 оны МАН, АН-ын уралдаж тараасан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Сү.Батболдын Засгийн газраас ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж Хятадын “Чалько” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийг таван жилийн хугацаанд ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явсаар 2017 онд төлж барагдуулсан гашуун сургамж бидэнд бий.

Энэ хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллах нь битгий хэл алдагдал хүлээж, тэг зогсолтод шилжсэн тохиолдол ч цөөнгүй. Харин өнөөдөр “Чалько”-д тавьсан өрнөөс илүү компанийн удирдлагаар ажиллаж асан хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд, улстөрчид, бизнесийн бүлэглэл дамнасан хэдэн арван их наядаар хэмжигдэх хулгайн асуудал хөвөрч эхэлсэн нь бас нэгэн бодит зовлон. Хамгийн гол нь, ийм том хэмжээний хулгайн яригдахын хажуугаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал нь сайжирч, 59 удаагийн арилжааны үнэлгээ нь тэрбум ам.долларт хүрсэн нь маргаангүй сайн мэдээ юм. Яг үнэндээ тэрбум ам.доллар гэдэг бидний хувьд мөрөөдөл төдий явсан нь өчигдөрхөн. Төр хамгийн муу менежер гэгддэг ч хүсвэл ашигтай ажиллуулж чаддаг, хүсэхгүй бол хоноцын сэтгэлээр ханддаг, хулгай нь даамжирч болдгийн энгийн жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани байгаад асуудлын учиг байгаа юм.

С.Сүлд