Түүний үгээс тогтож харах ёстой ГУРВАН СЭДЭВ!

1.

Монголын баруун хязгаарын эрчим хүчний хангалт ОХУ-аас хараат. Байнгын, байсхийгээд цахилгааны хязгаарлалтад орох нь бишгүй. Тэдгээр нь санаатай, санамсаргүй, үйл ажиллагааны доголдол, техникийн засвар үйлчилгээнээс гэх боловсон хариулттай. Гэхдээ санаатай нь давамгайлдгийг бид мэднэ, бас гадарлана. Хараат улсын л зовлон. Аж үйлдвэрийн IV хувьсгалд дөрөөлсөн технологийн үсрэнгүй хөгжлийн эрин зуунд лаа, чүдэнз “агсаж” суугаа нь ичгэвтэр ч байгаа бодит үнэн нь л тэр. Уг нь энэ байдлаас гараад зогсохгүй улсаараа эрчим хүчний дархлаатай болох санаачилга гараагүй биш гарч байсан түүхтэй. 1991, 1996, 2007 онд 220 мВт-ын хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг явуулах шийдвэр үе үеийн Засгийн газраас гарсан ч Сэлэнгэ мөрнөөр дамжиж Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх нэрийн дор хойд “ах нар” хангалттай хориг тавьж, тээг болсоор энэ хүрэв. Хожим, 2014 онд эл төслийг дахин явуулахаар 315 мВт бүхий станц барих ТЭЗҮ-ийг боловсруулсан ч “бай”-ндаа тусч чадалгүй дахин гацаанд орсон. Гацсан шалтгаан, гацаасан шалтаг нь тодорхой, өнөөх л Байгаль нуур хэмээх экологиор халхавчилсан “бамбай”.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ч мөн адилхан. Урд айлын дэмжлэгтэйгээр “бярдаж” урагшлуулахаар болсноос биш “Эгийн гол”-той ижилхэн таг зогсонги байдалтай явсан төсөл. “Эгийн гол”-ыг байя гэхэд 90 мВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгээ ашиглалтад оруулсан бол өнөөдөр баруун аймгууд бүхэлдээ эрчим хүчний хязгаарлалтаас гарч, Төвийн бүсдээ ч дэм болох байж. Сайд Б.Чойжилсүрэнгийн “Аргална даа” хэмээх алдарт үг нь хэсэгчилсэн хязгаарлалт болон албажиж ард түмний нуруун дээр ч буухгүй байв. Аль, аль нь 60 жилийн өмнөөс судалгааны ажил нь эхэлсэн, хоорондоо хүйн холбоогүй ч ихэр шахуу ийм хоёр төсөл Монголын эрчим хүчний салбарын хөгжил ХХ зуундаа таг гацаж, тэг зогссоныг гэрчлэх бодит түүх. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих тухай яриа гарах бүрд уул ус, унаган байгалийн төрх, өвөлжөө, хаваржаанд дөрөөлсөн цогтой “эх оронч”-дын мятрашгүй тэмцэл нийгэм, улс төрийн хүрээнд өдөлж, өндрөө авдаг нь гэм биш зан болсоор удлаа. Тэр бүгдэд дотоодын улс төр гэхээсээ гаднын захиалгатай нь жин дардаг ч Монголын улстөрчид, парламентын гишүүд нь хүртэл тос нэмж ирсэн нь хамгийн хорлонтой бас гачлантай нь.

Гагцхүү баруун бүс нутагт хамаарах Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгаар дамжуулж сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргах асуудлыг энэ Засгийн газрын тэргүүн хөндлөө. Биеллээ олбол, бодит үр дүнд хүрвэл эрчим хүчний салбарт хийх хамгийн том дэмжлэг. Нийт газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, нийт мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг эдгээр аймгийн бүсчилсэн хөгжлөөр дамжуулж Монгол Улс эрчим хүчний дархлаатай болох нь мэдээж хамгийн оновчтой шийдэл. Түүнээс өмнө ганц асуудал бий нь “Эрдэнэбүрэнгийн УЦС хөдөлсөн. Дараагийнх нь 315 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станц” гэсэн үгэндээ эзэн болж, ард нь гарах нь Ерөнхий сайдын нэн тэргүүнд хийх ёстой ажил.

2.

Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй. Зэсийнх нь ч жин дардаг. Олборлолтоороо дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх хэмжээний Гүний уурхайг ашиглалтад оруулсан нь саяхан, ердөө л өнгөрсөн жил. Тэгсэн атлаа экспортын ганцхан гарцтай. Тэр нь “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомт. Гэхдээ нийт тээвэрлэлт нь төмөр замаар биш авто замаар явдаг. Ачиж, буулгахаа эхлээд “арчилгаа” их. Хөрөнгө, зардал, хугацаа нь ч тэр хэрээр нэмүү өртөг, нэмэгдэлтэй. Дотоодын нүүрс, зэс бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг яаж ч нэмэгдүүлээд, Тавантолгой, Оюу Толгойн дайны ордыг хэчнээнийг ч эдийн засгийн эргэлтэд оруулсан эл боомтын үйл ажиллагаанд захирагдаж экспортоо хийхээс өөр аргагүй. Анхнаасаа хил дамнуулан холбохоор төлөвлөсөн Гашуунсухайтын төмөр зам нь мухар. Мухар, мухартаа огтлолцох цэгээсээ олон км-ийн зөрүүтэй. Тээвэрлэлт хийх нь байтугай төмөр замын хилийн холболтыг хийх эсэх асуудлаар хоёр улсын Засгийн газар хооронд хийж буй хэлэлцээнд зарцуулж буй хугацаа нь гэхэд хоёр оныг дамнасан нь үүний илрэл. 

Угтаа бол “Төрөөс баримтлах төмөр замын бодлого” гээчийг тэртээх 2008 онд баталж, түүнийхээ хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр болсон төсөл. Уг шалтгаан нь ууттай элс цоолж үзүүлээд төмөр замаар танк орж ирнэ гэж айлгасны уршгийг дан ганц Өмнөговь биш Монгол Улс бүтнээрээ үүрч байгаа нь энэ. 

Одоо бидэнд “Гашуунсухайт-Ганцмод”-ны боомтод найдаад суух биш шинээр гарц нээхээс өөр сонголт үгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хоёр ч томоохон төсөл хэрэгжүүлснээс Ханги-Мандалын чиглэлийн төмөр замыг хэдийнэ ашиглалтад оруулсан. Гэхдээ хил холболтын хүлээлт тэнд бий. Бас нэгэн гарц болох Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр замын ажил бүтээн байгуулалтын шатандаа яваа. Үндсэндээ Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь гэсэн говийн бүсийг дамнасан экспортын дөрвөн ч шинэ төмөр зам бий болно гэсэн үг. Оюу Толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төсөл энэ бүс нутагт хэрэгждэг. Тээвэрлэлт талаасаа хөгжлийн төмөр судас нь төмөр зам. Далайд гарцгүй манай улсын хуурай замын боомтдоо түшиглэхээс өөр замгүй. 

Тэгэхээр аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслийг дагасан бүсчилсэн хөгжил, эдийн засгийн интеграцичлал бий болгох боломжит хувилбар нь Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь тэргүүтэй говийн бүс нутаг юм. Зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр төдийгүй Тавантолгойн цахилгаан станцыг энэ бүс нутагт барьж, бүтээж, хөгжүүлэх нь дэлхий нийтээрээ өөрсдийн эдийн засгийн чадамжид тулгуурлан Аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэж буй үйл явцаас хоцрох биш хөл нийлүүлэн алхах Монголын амбийц. Тухайн нутаг орны онцлогт тохируулж, бүсчилсэн байдлаар хөгжиж, хөгжүүлэх нь Монгол Улсад хэрэг болохоос “Сайншандын аж үйлдвэрийн парк” нэртэй сайхан макет үзүүлэх нь Аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэхийн нэр биш. 

3.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор сонгуулийг явуулж, түүний үр дүнгээс бүрдэх 126 гишүүнтэй парламент ирэх зургаадугаар сард бүрдэнэ. Анхны 126 гишүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэхээрээ онцлог. Шинэ дүрэм, шинэ зохион байгуулалт, шинэ хууль, эрх зүйн орчинд ажиллана. Тэдгээрээс онцлох нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн зураглал тэдний бүрэн эрхийнхээ хугацаанд мөрдөх гарын авлага болж таарна. Угаас том, жижиг мажоритар тогтолцоо буюу тойрог шүтсэн хандлага, түүнийг тойрсон жалга довны үзэл шинэ парламентад үйлчлэхгүй. 

Сонгогдсон бүсийнхээ, цаашлаад улсын хөгжилд хамаарах асуудлыг хөндөнө, тэр хэрээрээ мэтгэлцээн өрнөнө гэсэн үг. Төсвийн зохицуулалт, хуваарилалт нь ч тойрог биш бүс нутгийн хэмжээнд чиглэх учраас томоохон мега төслүүд түрүүчээсээ “амь орох” эерэг үзүүлэлтийн жишиг болохуйц суурийг тавих эл парламентаас эхэлнэ.  Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариаланг шинэ түвшинд аваачиж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлнэ. 

Өвөрхангай, Баянхонгор, Архангай уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудалд тулгуурлна. Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж хөгжинө. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах том хөгжлийн амбийц харах нь бүсчилсэн хөгжлийн хөшүүрэг нь. Нийслэл Улаанбаатар хот гэхэд төр, эдийн засаг, соёлын бүс болох нь цаг хугацааны л асуудал.  

Учир нь, энэ сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг болж, мөрийн хөтөлбөр болгосноор бодитой хөгжих боломж гарч, төсөв, хөрөнгө оруулалт цэгцэрч, Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын суурь болгон боловсруулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн болохоор. 

Үндсэндээ түүний хэлсэн үгээс тогтож харах ёстой гурван сэдэв нь ийм байна. Монгол Улс аж үйлдвэржсэн улс болох нь үнэн л юм бол эхлээд эрчим хүчний хараат байдлаасаа гарч, бүр экспортлох хэмжээний тоглогч болох нь зүйн хэрэг. Тэгэхийн тулд баруун бүсийг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчний гол хөдөлгүүр болгох Ерөнхий сайдын үг санамсаргүй санал биш. Зөрүүлээд говийг бүтнээр уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэржилтийн бүсээр тодорхойлж буй нь мэдээж өөр хоорондоо уялдаатай байж таарна. Эрчим хүчний эх үүсвэр найдвартай, нөөцтэй, хамгийн гол нь дархлаатай байж аж үйлдвэр хөгжинө. Бүрэн зураглалаараа Монгол Улс хөгжинө. Эцэст нь Монгол ялах биш Монгол хожих, бүр Монгол Улс хөгжих ёстой. Юу үнэн энэ л үнэн!

Г.Эрхэс