Тэгш байдал гэдэг нь тэгээд энэ үү...!

1992 оноос хойш УИХ-аас томилгоотой явж ирсэн үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн зовж, зүдэрч, хүчгүйдэж байгаа нь Л.Оюун-Эрдэнэ юм гэнэ лээ. Үүнийгээ тэгш бус байдал газар авсны уршиг, түүнийг засахаас нааш монголчууд нар үзэхгүй гэж тодотгосон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өөрийнх нь хэлж, ярьж, онцолж, фокуслаж ирсэн улс төрийн байр суурийг базахад ийм дүр зураг бууна. Гэвч бодит байдал тийм биш. Монгол Улсын, ерөөс 1992 оноос их улс төрийн том тайзан дээр гол тоглогчоор тодорсон Ерөнхий сайд нараас хамгийн хүчтэй нь Л.Оюун-Эрдэнэ гэдэгтэй хэн ч маргахгүй. Танхимын сайд нараа томилж, чөлөөлж, огцруулах сонгодог парламентын замналын сонгодог эрх мэдлийг тэр гурван жил эдэллээ.

Өөр намын нэгэнд захиалга өгч, бүр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж байгаад “давхар дээл”-ийн босгыг халж, УИХ-ын гишүүн+сайд гэсэн хослолоор кабинетаа сэлгэн бүрдүүлж, түүхэндээ анх удаагаа 22 сайдын орон тоог хэн бүрдүүлсэн тэр өөрөө л бүрдүүлсэн. Хэмнэлтийн хуулийн дагуу Төрийн байгууллагуудын төсөв нь татарч, шаардлагатай бүх зардлаа танаж байхад эсрэгээрээ түүний танхим ийн томорсон. Харин ч данхар Төрийг ингэж цогцлоосон. Эндээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл лав дутаагүй, өөрийнх нь хэлдгээр хүчгүйдсэн асуудал мэдээж байхгүй гэдгийг төвөггүйхэн харж болохоор. Эсрэгээрээ эрх мэдэлдээ дулдуйдсан ашиг сонирхол эцэстээ “Эцэг хууль”-иа ч өөрсдийн дураар хөдөлгөж болдгийн сонгодог жишээ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм.

Хачирхалтай нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөргүй бух шиг аашилж, аяглаж ирсэн МАН-ынхны эс үйлдэл энэ удаад ч үргэлжилсээр улайм цаймдаа тулав. УИХ-ын сонгуулийн чимээ айлссан эдгээр өдрүүдэд улс төрийн нам, эвслүүд идэвхжих нь зүйн хэрэг ч хууль бол хууль. Цагаан дээр хараар юу гэж бичсэн байна түүнийг биелүүлэх нь эрх зүйт Төрийн үндсэн үүрэг. Гэтэл Төрийн дээр нам байх заалтыг аль 1992 оны ардчилсан Үндсэн хуулиар халж, түүгээрээ 30 жил замнасан Монгол Улсад Засгийн газрын нэрийн өмнөөс гэх гоёмсог малгайн дор форум, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийж, сонгуульд горилогчдоо эртнээс таниулдаг, бусдаас давуу эрх эдлүүлдэг гажиг энэ удаад гаарав. Тэдгээр нь Зүүн, Баруун, Хангайн, Говийн бүсийн хөгжил, “Шинэ хоршоо” зэргээр үргэлжилнэ. 

УИХ-ын гишүүд нь тойрогтоо тайлан тавих нэрээр далд сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлсэн бол Засгийн газрын сайд нар нь тэдэнтэй хөтөлгөө морь шиг дөрөө харшуулах болсоор удлаа. Салбарын, яамныхаа бодлогыг тодорхойлоход төдийлөн оролцоо байдаггүй, зөвхөн бялууны зүсэм хүртээж ирсэн Дэд сайд нар нь ч тэднээс дутсангүй. Хийсэн ажлаа олон нийтэд таниулж, ойлгуулах нь буруу биш ч тэд бүгдээрээ ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой хэсэг байгаа нь өөрөө хуулийн зөрчил мөн үү? мөн! 

Бүр цаашлаад Төрийн албан хаагч, хэн нэгэн даргын зөвлөхийн албатай горилогчид ил цагаандаа гарч, тайз, индэр эзэгнэх болсон нь Монгол Улсад үнэхээр хууль засаглаж байна уу?, хүн засаглаж байна уу? гэсэн асуулт тавихад хүргэж эхэллээ. Хууль баталдаг, түүнийг хэрэгжүүлдэг хоёр үндсэн чиг үүрэгтэй Төрийн байгууллын төлөөлөл нь өөрсдөө хуулийг ингэж уландаа гишгэж буй нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амны уншлага болтлоо хашгирсан тэгш бус байдлыг хангалттай харуулсан дүр зураг биш гэж үү? Сонгуулийн төв байгууллага нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ оргиж, гагцхүү цагдаагийн байгууллагаас асуудал тавихаас нааш хөдлөхгүйгээ учирлаж суугаа нь инээдэм гэхээсээ эмгэнэл. Өнөөдөр цагдаагийн байгууллага хэний харьяанд явдаг юм, Хуулийн сайдын. Хуулийн сайд хэнээс чиглэл, үүрэг авдаг юм, Ерөнхий сайдаас. Хууль зөрчсөн ч хариуцлага хүлээлгэхгүйгээр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх нь тэднээс л хамаарах асуудал. 

Цагдаагаас Сонгуулийн төв байгууллагад албан ёсоор асуудал тавихгүй л бол хэн дуртай нь хууль зөрчиж болно оо л гэсэн логик. Гэхдээ өнөөдөртөө эрх баригч нь МАН. Эс бөгөөс эрх баригчдаас бусад улс төрийн нам, эвслүүд нэгдэж, нягтарч энэ бүхний эсрэг тэмцэхээс өөр сонголтгүй гэсэн үг.

Эцэст нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Таниас асууя? УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нарыг дагаж тойргоос, тойрогт танигдаж яваа Танай намын горилогчдын эс үйлдэл хуулийн зөрчилдөө орох уу? Орсон тохиолдолд тэр бүгдэд хариуцлагын асуудал яригдах уу? Үгүй бол бусад улс төрийн нам, хүчнийхэнд адилхан боломж олгох уу? гэдгийг. Хамгийн гол нь, Таны хэлж, ярьж, тэмцэж, тугаа болгож ирсэн тэгш байдлыг тогтоох тухай тунхаглал үндсэн санаа нь ердөө л өөрсдөдөө зориулсан хуулийн дээгүүр гишгилсэн давуу эрх байсан гэж үү...!

С.Очирхүү