Энэ Засгийн ээлжит нэгэн СЮРПРИЗ!

Монголын Төрд “Эрдэнэт”-ээс хойш бий болсон хоёр том стратегийн орд бий нь Оюу Толгой, Тавантолгой. Нэг гадаадын хөрөнгө оруулалттай, нөгөөх нь Төрийн өмчийнх. Аль, аль нь эдийн засаг, экспорт, дотоодын валютын урсгалд жин дардаг. Ялгаатай нь, 66 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшилд явдаг Оюу Толгой гэхэд компанийн засаглал нь шилэн, улстөрчид ямар нэгэн шахаа хийх, тендер цавчих боломж нь хомс. Бараг үгүй.

Эсрэгээрээ 80 орчим хувь нь “Эрдэнэс Монгол” нэгдэлд буюу Төрийн мэдэлд байж ирсэн “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа, үүх түүх нь тэс ондоо. Компанийн засаглал, тендер, худалдан авалтаас эхлээд улс төрөөс, УИХ-ын гишүүд, сайд, дарга нараас бүрэн хамааралтай болсныг жил гаруйн өмнө зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-оос нийгмээрээ хангалттай харсан, бас мэдсэн. Уул уурхай, ялангуяа улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг стратегийн ордыг яагаад улс төрөөс хол байлгах ёстойг нийтээрээ ойлгосон. Төр байгаа газар хулгай байж л таарна гэдэг өөрөө тийм оргүй хоосон яриа биш. 

Сонирхолтой нь, “Эрдэнэс Тавантолгой”-д бугшсан ээдрээтэй асуудлын зангилааг Бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар засч, сайжруулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ээлжит нэгэн шийдвэрээ гаргасан нь эл компанийг олон улсын менежментийн багаар удирдуулах тухай байв. Олон жилийн турш “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдлийн ордоос албан тушаалын хамаарлаараа нүүрс зөөж, нийтийн бус нэгээхэн хэсгийг хөлжүүлж ирсэн системийн авлигын сүлжээг хэрэгсдэд энэ нь мэдээж муу мэдээ.

Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын хэлснээр “Эрдэнэс Тавантолгой”-д бүхэлд нь менежментийн шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ уг ажил дөрвөн хэсгээс бүрдэх аж. Үүнд нь бэлтгэх ажлыг хангах, олон улсын нээлттэй тендер зарлах, үнэлгээ хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэрэг багтжээ. Өөрөөр хэлбэл, компанийн ашгийг нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөх зорилгоор удирдлагын түвшинд менежментийн багийг оруулж ирэхээс бус ямар нэгэн байдлаар хувь эзэмшил, хувьцааны асуудлыг хөндөхгүй. Үндсэндээ онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулсан нэг жилийн хугацаанд Хятад улс руу 32.7 сая тонн нүүрс борлуулж 3.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн, дөрвөн их наяд төгрөгийн өрийг хоёр их наяд хүртэл бууруулсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн амжилт улам өснө үү гэхээс буурахгүй. Өнөөдрөөс илүү үр ашгийг 1072 хувь эзэмшигч иргэн бүрд хүртээнэ ээ л гэсэн үг. 

Нэгэнт олон улсын менежментийн баг нь сонгон шалгаруулалтаар гарч ирээд компанийн засаглалыг гартаа авсан тохиолдолд тэнд улстөрчид төлөөний хүнээ томилуулах, худалдан авах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч боломжгүй болох нь тодорхой. Тэр хэрээрээ “Эрдэнэс Тавантолгой” хэмээх Монголын экспортын эргэлтийн судас, хөшүүрэг болсон компани ил тод нээлттэй, иргэдийн хяналттай болно. Засгийн газрын зүгээс ч компанийн үр ашгаас өөр зүйлийг санхүүжүүлдэг, өөр арга хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг тохиолдол цаашид үүсэхгүй. Нэгэнт засаглал, менежментийг нь сайжруулахаар гэрээ хийж, үр ашгаа тооцоод явах учир хэн нэгэн хүн үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэдгийг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал онцлоно лээ. Угаасаа олон улсын түвшинд сонгон шалгаруулалт зарлаж, менежментийн багийг сонгон шалгаруулж гэмээн Монголын Засгийн газар ч харилцан үүрэг, хариуцлагыг гэрээгээр хүлээх нь тодорхой.

Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага менежментийг сайжруулах чиглэлээр өмнөх Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд нарт өгсөн Ерөнхий сайдын үүрэг даалгавар долоо хоногийн хугацаанд албажиж, албан ёсоор олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болов. Энэ Засгийн ээлжит нэгэн СЮРПРИЗ нь яах аргагүй энэ байлаа.

Г.Эрхэс