Үндсэн хуулиас давсан компанийн эрх ашиг гэж үгүй!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим 34 дэх хуралдаанаараа нэгэн тогтоолыг баталсан нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай байв. Үүгээр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулахыг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгасан юм. Сайд асан Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа алх цохиж хуульчилсан 2007 оны эл тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулахаар заасан байдаг. Хожим Гацууртыг стратегийн ордоор нэмж бүртгэх тогтоолыг З.Энхболдын үед буюу 2015 онд баталснаар 16 болсон түүхтэй.
Үндсэндээ 2015 онд Гацууртыг нэмж оруулсныг эс тооцвол 17 жилийн турш огт хөндөгдөөгүй өнөөг хүрсэн УИХ-ын 27 дугаар тогтоолыг албажуулж, амь оруулах үүргийг сайд Н.Учрал хүлээсэн нь энэ. Ингэх ч зүй ёсны шаардлага энэ Засгийн газарт бийг хоёрхон үндэслэлээр тайлбарлая. Нэгдүгээрх нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2-т шинээр оруулсан заалт. Тэр нь “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээх өгүүлбэр. Хоёрдугаарх нь өмнөх парламентын үед баталсан Үндэсний баялгийн сантай холбогдоно. Ирээдүйн өв, Хуримтлалын, Хөгжлийн гэсэн гурван санд стратегийн орд газраас орлого төвлөрүүлж, өгөөжийг нь иргэдэд тэгш хүртээх үндсэн зорилготой эл хуулийг баталсан өдрөөс нь хүчин төгөлдөр мөрдөхөөр хуульчилсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс гэсэн үг.
Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг харсан ч, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаасаа ч 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолыг сөхөхөөс өөр аргагүй нуман тулгуурт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар орсон хэрэг. Хуулийг батлах нь УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх бол түүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үндсэн үүрэг. Тэгэхээр стратегийн орд газрыг хэлэлцэж, баталсан 27 тогтоолд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, парламентаар хэлэлцүүлэх нь гүйцэтгэх засаглалд хуулиар олгосон нээлттэй асуудал юм. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн стратегийн 16 ордоос Тавантолгой, Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэт, Оюу Толгой, Төмөртэй, Асгат тэргүүтэй долоо нь өдгөө Төрийн мэдэлд явдаг. Үлдсэн Нарийнсухайт, Цагаан суварга, Мардай, Дорнод, Гурван булаг, Бороо, Гацуурт, Төмөртэйн овоо, Бүрэнхаан зэрэг есөн ордыг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр дамжуулж 16 компани эзэмшиж байна.
Тэдгээрт Тогтвортой байдлын гэрээ байгуулсан ч тэр нь дуусгавар болсон ч бий. Засгийн газраас хил хязгаарыг нь тогтоогоогүй өнөөг хүрсэн нь ч байгаа юм. Эдгээр асуудлыг эргэж харахгүйгээр, эцэслэж шийдвэрлэхгүйгээр Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж, Үндэсний баялгийн санг бодитоор арвижуулах боломжгүй учраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ хийхийг Хэрэг эрхлэхийн дарга Н.Учралд Засгийн газрын хуралдаанаас онцгойлон даалгасан хэрэг. Ингэж байж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулах юм. Стратегийн орд газрын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож, өгөөжийг нь хүртдэг байх үндсэн агуулга ч үүгээр тодрох учиртай.
Санаж байгаа бол Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсны дараа “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувь эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг болох 500 тэрбум төгрөгийг “Хуримтлалын сан”-д шилжүүлж байлаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой гэсэн гурван ордын 34 хувьд ногдох ногдол ашгийн хэмжээ хагас их наяд төгрөгөөр хэмжигдэж, түүгээр нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлж байв. Үр дүнд нь санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй явсан ипотекийн зээл олголт гацаанаас гарч 14-хөн хоногийн хугацаанд 42 хувийн өсөлттэй гарсан юм. Харин ирэх жилээс иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн.
Эндээс Үндэсний баялгийн сан түүн дотроо “Хуримтлалын сан” яагаад хэрэгтэй, ямар зорилготойг төвөггүйхэн ойлгож болохоор. Сингапурын загварт тулгуурлан хөгжүүлэх зорьж буй “Хуримтлалын сан”-гийн үндсэн зарцуулалт нь ч иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд чиглэснээрээ онцлог. Н.Учрал сайдын хэлж буйгаар 2040 он гэхэд эл сангийн хуримтлал 32 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Нэг үгээр, уул уурхай, түүнд багтсан байгалийн баялгийн өгөөжийг хавтгайрсан халамж хэлбэрээр тараадаг өнгөрсөн, өмнөх үеийн гашуун сургамж хэдийнэ ард хоцорсон хэрэг. Олсон орлогоо Бэлэн мөнгө хэлбэрээр зах зээл рүү цацаж, төгрөгийг үнэгүйдүүлдэг жишгийг халах нь Үндэсний баялгийн сангийн гол зорилго. Яаж ч хардаж, шүүмжилж, үгүйсгэсэн Үндсэн хуулийн заалт, түүнээс салаалуулж баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтээс бултах аргагүй нь энэ. Тэгээд ч Үндсэн хуулиас давсан компанийн эрх ашиг гэж үгүй.
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Засгийн газрын хуралдаанаас хоёр хоногийн дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд ч энэ тухай тодорхой заасан байна лээ. Төсөлд дурдсанаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, "E-Mongolia" платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээх ажлыг ирэх онд хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн нийслэл, орон нутагт өрхийн төлбөрийн чадварт нийцүүлэн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж, “Миний анхны байр”, “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний амины орон сууц”, “Миний сонголт орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
Хөдөлмөрийн зах зээлийн тоон болон ур чадварын эрэлтэд нийцсэн ажиллах хүчнийг бэлтгэх чиглэлээр салбар дундын дадлагын баазыг томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран байгуулж, ажлын байранд дадлагажих боломжийг нэмэгдүүлэх замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь ч ирэх жилийн гол зорилт байх нь. Гээд харвал, тоочвол “Хуримтлалын сан”-гаар дамжуулан хийхээр төлөвлөсөн ажил энэ Засгийн газарт их байгаа бололтой. Гагцхүү стратегийн орд газарт хувь эзэмшил, хил хязгаар тогтоох Төр, хувийн хэвшил хооронд болох уулзалтаас гарах үр дүн, Н.Учрал сайд хэрхэн харилцан тохиролцоо хийж чадах вэ? гэдэг нь ирэх өдрүүдийн сонирхолтой сэдэв болох нь.
Г.Эрхэс