Ж.Золжаргал: Төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий боллоо
Хүлцэнгүйгээр хүлээх зөвшөөрөх ёстой ҮНЭН
Алдагдал, алдагдал, алдаглал... Эрчим хүчний салбарын энгийн бас бодит дүр төрх нь ийм. Гадаад биш дотооддоо үүссэн нөхцөл байдлыг хэлж, тодотгоод байгаа юм. Нүүрс олборлох эхний шат дамжлагаас эхлээд тээвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох, хэрэглэгчдэд хүргэхдээ хүртэл алдагдал хүлээдэг нь энэ салбарыг туйлдуулж, эцэстээ тэг зогсолт хийх сонголтын өмнө авчирчээ. Үндсэндээ Монгол Улсад эрчим хүчний салбар аваарын горимд ажиллаж байна. Ажиллах, ажиллахдаа өнөө маргаашаа аргацааж байна.
Асуудлын буруутан, хамгийн том гэмтэн нь Төр өөрөө, ардчилалд шилжсэн 32 жилийн хугацаанд эрчим хүчний шинэ эх үүсвэрийн ширхэг хадаас хатгаагүй нь гол алдаа. Гэлээ гээд байгаагаа тордож, томруулаад явсан уу? гэвэл бас л үгүй. Чухамдаа хөгжлийн байтугай үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой дүйх хэмжээний үүрэг, статустай явдаг эрчим хүчний яагаад ингэтлээ уруудан доройтож, аваараа татсан автомашин шиг замын хажууд “хаягдсан” асуултын хариуг холоос хайх хэрэггүй юм.
Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифыг анхнаас нь зах зээлийн жамаар нь явуулаагүй, бүхнийг зохицуулж, хүчээр барьж, хөнгөлөлт нэрийн дор эрчим хүчний салбараа 1990 онд тас түгжиж, тэг гацаажээ.
Хоёрдугаарт, эл салбарыг либералчилж, чөлөөт өрсөлдөөний зарчим руу шилжүүлэх санаачилга гарах бүрд үнийн хөөрөгдөл, иргэдийн амьжиргаанд хүнд тусах мэтээр ойлгуулдаг, эсэргүүцдэг, нийгмийн айдаст дөрөөлдөг улстөрчдийн популизм. Шалтаангүй эсэргүүцэл гэж хэзээ ч үгүй. Ялангуяа улстөрчдөд. Өөрийнх нь эсвэл бусдын эрх ашиг л гэж бий. Үүнд нь гадаад, дотоодын оролцоо, хамаарал, магадгүй санхүүжилт гэж байдгаас бусдаар улсын язгуур эрх ашиг үнэндээ падлийгүй.
Гуравдугаарт, бодит байдлаа эс хүлээн зөвшөөрч, бүр нуун дарагдуулж ирсэн явдал. Анхны суурийг нь 1966 онд тавьж, 1968 оноос ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж буй Дулааны гуравдугаар цахилгаан станц үүний хамгийн энгийн бөгөөд бодит кэйс нь. Суурилагдсан хүчин чадал нь 150 мВт. Төвийн эрчим хүчний системийн 14, дулааны 31, уурын хэрэглээний 47 хувийг дангаараа хангадаг эл станцын насжилт 56 жил. Станцын гол хөдөлгүүр болсон I, II, V зуух, 1-8 дугаар турбин генераторууд нь багадаа 40-55 жил тасралтгүй ажиллаж, Төвийн эрчим хүч бол нийслэлийн дулаан хангамжийг нийлүүлж ирсэн хэрэг.
Зөвхөн турбин генераторууд нь гэхэд 220 мянган цагаас дээш ажиллаж, оргил ачааллыг даахааргүй болтлоо моралын элэгдэлд оржээ. Хүнээр бол хөл гарынх нь хэвийн ажиллагаа удааширч, хэдийнэ тэтгэвэртээ гарсан гэсэн үг. Ийм нөхцөлд жил 6-7 хувиар тогтмол өсч байгаа эрчим хүчний хэрэглээг нөхөх, хэвийн горимоор нийлүүлнэ гэдэг бараг боломжгүй. Зүйрлэж хэлэхэд өвснөөс зүү хайхтай л адил. Гэхдээ л тэд, тэдэнд зүгээр суух эрх байхгүй. Цаг, минут, секундээр ажлын үзүүлэлт нь хэмжигддэг болохоор нэг доль ч үнэ цэнэтэй. Гэлээ гээд тэр нь эрдэнэт хүний амины үнэтэй байж болохгүй. Гэдэг нь улсын байцаагчийн дүгнэлтээр станцад ашиглаж байсан 20 мВт-ын турбин генераторыг акталжээ, энэ оны долдугаар сард.
Угтаа бол ашиглалтын хугацаа нь дуусгавар бол аль хэдийнэ актлаад шинэчлэх ёстой байсан турбин. Гэтэл төсөв байхгүй, хөрөнгө оруулалт хийх нь нүдний гэм болсон хандлага энэ салбарт байж ирсний уршиг нь байгаа тордоод ашиглаж, ажиллуулахаас өөр сонголтгүй үлдээж. Ан цав үүссэн хэсгийг нь гагнах замаар аль болох өөрсдөдөө байгаа боломжийг эрэлхийлсэн ч нэгэнт эвдрэл үүссэн генераторыг яаж ч тордоод “сэхэл” авахгүй. Бидний хэлдгээр “монголчлох” маягаар ажиллуулж болох ч учирч болох эрсдэл нь өөрөө том. Нэг минутад 3000 эргэлддэг хөдөлгүүр бүхий турбин дэлбэрвэл юу болох вэ? гэдэг нь ойлгомжтой.
Шинийг захиалж авчраад суурилуулах боломж бий юу гэвэл бий. Гэхдээ төсөв байхгүй. Дор хаяж 30 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тоног төхөөрөмжийн арчлалт, засвартаа 20 тэрбум орчим төгрөгийг ёстой урд хормойгоороо ардахаа нөхөх байдлаар хийж ирсэн станцынханд 30 гэдэг мэдээж ахадсан тоо. Үндсэн өртгөөс хямд, бараг хоёр дахин бага үнээр хийлгэх технологи бусад улс оронд бий ч турбины зураг нь зөвхөн ОХУ-ын үйлдвэрт байдаг. Оюуны өмч талаасаа олон улсад өөрийн бүтээлийг өмчлөх нь зүйн хэрэг ч өөрсдөө л үйлдвэрлэх, өөрсдийн хэлсэн үнийг тулгах нь өнөөгийн нөхцөлд зөвтгөх шалтгаан биш. Угаас 1968 онд ашиглалтад оруулахдаа л ОХУ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр суурилагдсан болохоор ямар нэгэн техникийн шинэчлэл хийхэд тэндээс хамааралтай болчихоод байгаа юм. Их гүрний бодлого, эрчим хүчээр хараат байлгах сонирхол гэдэг ийм гачлантай. Гэж явсаар Дулааны Гуравдугаар цахилгаан станцын алдагдал өдгөө 14.6 тэрбумд хүрчээ.
Дотооддоо, дотроосоо энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгаа уг нь бий. Гэхдээ өнөөгийн нөхцөлд биш. Учир нь, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг нь яг 24,683.20 төгрөг. Эсрэгээрээ нийлүүлэлтийн өртөг нь 7,215.50. 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн цэвэр алдагдал хүлээдэг хэрэг. Уур үйлдвэрлэдэг зуухны засварын өртөг дор хаяж 13.6 тэрбум төгрөг. Харин ТЭЦ-3-ынхан байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засварладаг. Энэ хэрээр өвлийн оргил ачааллыг давах, найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй нүүр тулна.
“Дулааны гуравдугаар цахилгаан станц 2023-2024 оны өвлийн ачаалалд 120 хоног тасралтгүй ажилласан. Энэ хэрээр маш их эрсдэл үүсгэдэг. Уг нь зуухыг 60 хоног, турбиныг 45 хоног ажилуулаад урсгал засвар хийх ёстой. Гэтэл засвар хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. Энэ удаад ч байдал дахин давтагдана. Магадгүй ямар нэгэн эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 мВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно. Энэ бол маш том эрсдэл. Үүнийг үүсгэхгүйн тулд өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна” гэдгийг ерөнхий инженер Н.Чимэддорж хэлнэ ээ. Үнэн л үг.
Нөгөө талд эрчим хүчний нүүрсийг тн тутамд 57 мянган олборлодог ч 43 мянган төгрөгөөр станцуудад нийлүүлснээр өдөртөө 100 гаруй сая, сардаа гурав орчим тэрбумын алдагдал хүлээж буйгаа Багануурын уурхайн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал онцолсон. “Алдагдал, алдагдал, алдаглал” хэмээн гурвантаа тодотгосны учиг энэ. Өөрөөр хэлбэл, эхлэхээсээ эцсийн шат хүртлээ алдагдалтай ажиллаж ирсэн нь эрчим хүчний салбарыг техник технологийн шинэчлэл хийх битгий хэл компани дамнасан өрийн сүлжээ бүхий чөтгөрийн тойрогт оруулжээ. Үүнээс гарах эхний арга зам нь энэ салбарын үйлдвэрлэлийг зах зээлийн өртөгт нь нийцүүлэх. Тэр нь үнэ тарифыг шат дараатайгаар нэмэгдүүлэх юм.
Яг үнэндээ үйлдвэрлэлээсээ доогуур өртгөөр бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн нь энэ салбарыг хөгжлийн зүтгүүр биш гацаагч, боомилогч болгосоор удлаа. Тийм байхад ганц үнэ, тариф тойрч толхилцож, мэтгэлцэж, хардах нь өөрөө өрөөсгөл. Цахилгаан, дулааны станцуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүч, дулааныг зах зээлийн өртөгт нь нийцүүлж, алдагдалгүй ажиллуулах нь Улаанбаатар, Монгол Улсад хэрэгтэй болохоос хэсэг бүлгийн эрх ашгийг хангах зүйл биш ээ. Таван төгрөгөөр барьсан нэг төгрөгөөр нийлүүлдэг тэнэг хаана ч байхгүй. Өртгөөсөө давсан үйлдвэрлэл ч гэж энэ дэлхийд үгүй. Эрчим хүчний реформын үндсэн зорилго нь ч ийм. Үнэ тариф дээр л фокуслаад байгаа болохоос энэхүү шинэчлэлийг өөр нэгэн нь гарч ирээд хийх реформ. Харин тэр үед ТЭЦ-3 тэргүүтэй цахилгаан, дулааны станцууд тэсч үлдэх үү? гэдэг нь хамгийн том АСУУЛТЫН ТЭМДЭГ! Хүлцэнгүйгээр хүлээх зөвшөөрөх ёстой ҮНЭН л ийм байна.
Г.Эрхэс