Н.Учралын түүхэнд үлдэх боломж!

Ардчиллын замыг алгуурхан сонгож, араас нь шинэ Үндсэн хуулиа баталсан нь монголчуудын 1990 онд олж авсан хамгийн том хөгжил, бас үсрэлт ч энэ хүртэл явж ирсэн замналд хүнд суртал гээчийг бат бөх дархалсан нь хамгийн муу ухралт байв. Тогтолцоо нь, сонгох, сонгогдох эрх нь, Төрийн байгууллаа эмхлэх асуудал нь хүртэл хуулиар нээлттэй ч ардчиллын амин мөн чанарын нэг болох чөлөөт зах зээлийн системээ баллуурдаж, бүр үгүйсгэх үндсэн шалтгаан нь хүнд суртал байсныг энд тодотгох гээд байгаа хэрэг.

Хүн бүр, хүссэн болгон нь гахай үүрч, ганзага хийх нь нээлттэй байсныг эс тооцвол Төр бүхэлдээ хүнд суртлын аварга механизм болтлоо төгөлдөршиж, түүгээрээ далайлгасан олон зуун хуулиас давсан дүрэм, журмыг зөвшөөрөл нэрийн дор жишим ч үгүй гаргаж, баталж ирсэн нь үүний бодит жишээ. Зөвшөөрөл байгаа газар хүнд суртал бий. Хүнд суртлын ард авлига, хээл хахууль сүүдэр мэт дагана аа л гэсэн үг. Жирийн нэг айл өрх 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашиглахын тулд 15 төрлийн зөвшөөрөл авдаг байсан нь саяхан ил боллоо.

Өөр өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг хангахын тулд холбогдох газраас зөвшөөрөл авна гэдэг хэнд ичгэвтэр хэрнээ инээдтэй сонсогдоно. Угтаа бол гэр хорооллын 220 мянган айл, өрх бүр нарны хавтан ашиглах замаар халаалтаа шийдчихвэл утааны тухай ярьж толгойгоо гашилгаад суухгүй. Жил бүр ямар нэгэн зуух, түлш тарааж олны хэл амыг барахгүй. Төвийн эрчим хүчний системд ч дэмтэй. Асар их дэмтэй шүү. Ийм атал шийдэл хайхаас илүү нэг биш 15 төрлийн зөвшөөрлөөр асуудлыг энэ хүртэл хүндрүүлжээ, бид. Ингэхэд нарны эрчим хүчийг хүртэл журамласан улс манайхаас өөр байдаг болов уу?

Гагцхүү УИХ-ын дарга Н.Учралын эхлүүлсэн “Чөлөөлье санаачилга”-ын хүрээнд асуудлыг анхаарлын төвд оруулаад зогсохгүй иргэд нарны хавтангаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлж, орлого олох боломж бүрдэв. Гэхдээ энэ бол наад захын ганцхан жишээ. Үүний араас дахиад ч гурван асуудлыг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цэгцлэх нь. Үндсэндээ эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил болон авлигын эсрэг чөлөөлөлтийн томоохон акц өрнүүлэхээ спикер Н.Учрал мэдэгдсэн нь энэ хаврын чуулганаар анхаарлын төвд байх хамгийн том сэдвийн нэг байх нь. 

Ингэхийн тулд мэдээж шийдэл хэрэгтэй. УИХ-ын даргын индрээс онцолсноор хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ гаргах нь эдийн засгийн чөлөөлөлтийн гол агуулга. Харин эрх зүйн чөлөөлөлтөөр хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээг тайлах нь. Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүйгээр байгаа хэдийгээ тордоод ч нэмэргүй болсныг хоёр ч өвлийн хахир хүйтэн өдрүүдэд хийсэн хязгаарлалт харуулсан. Харин дотооддоо цэц булаацалдаж, урдахаараа ардахаараа нөхөх бус сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө түшиглэн импортын хараат байдлаас гарах нь ногоон хөгжлийн буюу гурав дахь чөлөөлөлт. 

Сүүлийнх нь буюу Монголын 30 жилийн хөгжлийн урагшлалт гэхээсээ ухралтын суурь шалтгаан болсон авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг өөрөө гардан манлайлж ажиллахаа илэрхийлсэн нь хаврын улс төрийг хөдөлгөөнд оруулаад зогсохгүй хуулийн хайчин галд оруулах нь тодорхой болов. Учир нь, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, дэд дарга асан Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, шалгуулахаар болсноо МАН-ын дарга Н.Учрал мэдэгдсэн нь саяхан. Дахин тодотгоё, УИХ-ын дарга биш МАН-ын даргын хувиар шүү!

МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсан цаг үеэс намын дотоод уур амьсгалд үндсэндээ шуурга дэгдэж, голын эргийн наана, цаана гарсан талууд ил, далд улс төр явуулах нь идэвхжсэн. Эцэстээ Д.Амарбаясгалан ч УИХ-ын даргынхаа суудлыг өгөх замаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан ч тэр нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Цэцийн дүгнэлтээр тогтоосон.

Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэргээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татагдсан Д.Амарбаясгалан, сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хууль зөрчсөн гэх Х.Булгантуяа, бүлэглэл дамнасан зуучлагч гэхээс өөрөөр бүтэн нэртэй үлдээгүй А.Амундра нарын асуудал өнөөг хүртэл хэрхэх нь тодорхойгүй, магадгүй хөшигний ард өрнүүлж буй улс төрийн луужин хаашаа зүг чиг заахаас шалтгаалах байсан ч Н.Учрал намын даргын хувиар гишүүнчлэлээс түдгэлзүүлж байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн гэхээсээ болох ёстой үйл явдал, түрүүлж хийсэн нүүдэл байв. 

Гэдэг нь нэг амаараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж, бүх шатанд ёс зүйг үлгэрлэдэг атлаа нөгөө амаараа ханцуйндаа эрх ашгаа наймаалцаад явах нь Н.Учралд тохирох дүр биш. Өнгөрсөнд тийм асуудал байсан уу гэвэл байсан. Гэхдээ өнөөдөр бол өөр. Хаа хаанаа хариуцлага нэхэж байна. Нийгмийн чиг хандлага, сэтгэлзүй ч тийшээ чиглэсээр удлаа. Ийм нөхцөлд Монгол Улсыг бүхэлд нь авлига, хуулийн хулгай, хүнд суртлын данхар бүтцээс чөлөөлөхөөр өөрөө туг нь болж яваа УИХ-ын даргын санаачилга албажиж, амь орох нь чухал. Тэгэхийн тулд хэлж, ярих бус хийж хэрэгжүүлэх учиртай. 

Үүгээр “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлого дэвшүүлж, түүнийхээ хүрээнд Төрд болон төрөлх намдаа бугшсан олон арван асуудлыг ил тод нээлттэй гаргаж ирээд түрүүчээс нь шийдэл хайж, басчхүү хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн Н.Учралын улс төр одоо л эхэлж байгаа бололтой. Хууль тогтоох дээд байгууллагын спикерийн хувиар ч, эрх баригч намын даргын байр сууриас ч. Хэрвээ шүү, хэрэвзээ тэр авлига, албан тушаалын хэрэг, хүнд суртлын чөдөр тушаанаас Төрөө ч, намаа ч цэвэрлэж цэгцэлж чадвал зүгээр нэг алх барьсан спикер, тамга атгасан дарга биш Ням-Осорын Учрал гэдэг нэрээ бодитоор түүхэнд үлдээнэ. Тэрхүү боломж нь ч гараад ирлээ. Хувь, хувьсгалын тохироо нь ч тэгээд бүрдчихлээ. Эс бөгөөс УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн хоёр албан тушаалаар хувийн намтраа арвижуулна. Бусдаар монголчууд юу ч хожихгүй. Дараагийн дарга, цэргийн уриа лоозонд бялуурч, бачуурна.

Өөрөө ч хэлсэн байна лээ, “Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай.

Улс төрийн нам алдаа дутагдал, буруу буртгаас өөрийгөө чөлөөлөх чадвартай, улс төрийн зориг зүрхтэй, эрх чөлөөг иргэндээ бүрэн дүүрэн эдлүүлэх үнэт зүйлдээ үнэнч байх ёстой” гэдгийг.

Г.Эрхэс