Э.Батшугар: Хяналтын тогтолцоонд реформ хийж, бүрэн цахимжуулна
Дугуйн замын 80-90 хувь нь шаардлага хангадаггүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжив. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг танилцуулахдаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсэг төслийг боловсруулан бэлтгэсэн тул дэмжиж өгөхийг хүссэн.
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэдэг утгаар дэмжиж байгаа боловч зарим асуудалд нухацтай хандахыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Дам.Цогтбаатар нар асууж, үг хэлэх үедээ онцлон тэмдэглэсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд одоогоор явган хүний замын стандарт бүрэн бус, ялангуяа дугуйн замын 80-90 хувь нь шаардлага хангахгүй байгаа. Хоёр дугуйчин хооронд 2.5 метр зайтай зорчих зохицуулалт хэрэгжих боломжгүй талаар Ажлын хэсгээс хариулсанд болгоомжлоход илүүдэхгүй хэмээв.
Тэд мөн тээврийн хэрэгслүүд хурдтай өөрчлөгдөн хөгжиж байгаа учраас хуулийн төсөлд тухайлан нэршлийг тусгахгүй, нэгийг сайжруулах гээд нөгөөг муутгахгүй байх учиртай гэлээ. Гишүүдийг асууж, үг хэлсэний дараа санал хураав. Төслийг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтийг илтгэхээр боллоо. Илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Уянгахишигийг томилов.