С.Бямбацогт: Эрчим хүчний сайд энэ асуудлыг нэн даруй таслан зогсоо
Засгийн газар 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Батболд илтгэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгч, улмаар УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хоорондын уялдааг хангаж, зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг тус Байнгын хороо хэлэлцсэн. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх "Төслийг хууль санаачлагчид нь буцаах" саналыг дэмжсэн хэмээн танилцуулсан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлийг тасалдуулахгүй, өр үүсгэхгүй байх асуудлыг хөндлөө.

Сангийн яамны төлөөлөл гишүүдийн асуултад нэг бүрчлэн хариулахдаа, улсын томоохон эмнэлгүүдэд санхүүжилттэй холбоотой асуудал үүсэж байгааг онцолсон юм. Түүнчлэн ирэх онд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй явуулахын тулд зарим эмнэлгүүдэд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах шаардлагатай байна гэв.
Дулаан хангамж авахын тулд жил тутам зөвхөн цахим гарын үсэгт 44 мянган төгрөгийг хувийн хэвшлийн нэр бүхий гурван байгууллагын аль нэгэнд төлдөг журам үйлчилж буй нь иргэдэд дарамт учруулж байгааг анхааралдаа авч, нэн даруй таслан зогсоохыг Эрчим хүчний сайдад, уг асуудлыг ирэх 7 хоногт хянан шалгаж, шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос санууллаа.

Ингээд “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн танилцуулж, санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.