Түлшний хамаарлыг халах “Ногоон цохилт”
Засгийн газраас Таван жилийн үндсэн чиглэлээ тодорхойлж, тэргүүлэх зорилтоор нь “Ногоон шилжилт”-ийг сонгосон зүгээр ч нэг хоосон лоозон байсангүй. Эсрэгээрээ импортын хамаарлыг халах шийдлийг эрэлхийлж эхэлсэн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Гэгээн” нарны цахилгаан станцыг түшиглэн Монголд анх удаа хүнд даацын ачааны цахилгаан машиныг цэнэглэх “Ногоон өртөө”-ний суурийг тавьснаар илрэв. Ингэснээр түлш, шатахуунаар дамжин гадагшаа урсдаг валютын урсгалыг дотоодын сэргээгдэх эрчим хүчээр нөхөх эдийн засгийн бодит хувьсгалын шанг татав.
Монгол Улсын ачаа, тээврийн салбарт жилд дунджаар 2 тэрбум ам.долларыг зөвхөн дизель түлш импортлоход зориулдаг. Нэг ёсондоо ийм хэмжээний валютыг гадагшаа урсгадаг гэсэн үг. Үүнээс зөвхөн ачаа тээврийн дизельд 600 сая ам.доллар, уул уурхайн хүнд машин механизмын түлшинд 1.2 тэрбум ам.доллар зарцуулж байна. Үндсэндээ Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалттай дүйх хэмжээний мөнгийг зөвхөн түлшний утаа болгоод агаарт цацдаг хэрэг.
Гагцхүү Засгийн газраас “Ногоон шилжилт” тугаа болгоод зогсохгүй тогтоол болгож хэрэгжүүлсэн нь хувийн хэвшилд бодит орон зайг нь гарган өгснөөр хүнд даацын ачааны цахилгаан машин цэнэглэх “Ногоон өртөө”-г бий болгох ажил гараанаас гарав. Гүйцэтгэгч нь “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” болон CU.
Багахан тоо баримт дурдахад хүнд даацын тээвэр жилд 74 сая литр дизель түлш хэрэглэдэг статистик судалгаа бий. Харин Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд 200 цахилгаан ачааны машин нэвтрүүлснээр жилд 6.4 сая ам.долларын түлшийг шууд хэмнэхээр тооцжээ.
Өөрөөр хэлбэл, бүх бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөтэй тээврийн зардлыг цахилгаанжуулснаар бодит өртөг нь 40 хүртэлх хувиар буурах юм. Түлш бол түлш. Хэрэглэсэн бол дуусна, дахиад хэрэглэнэ, тэр бүгдэд валют урсана. Эсрэгээрээ цахилгаан ачааны машины анхны худалдан авалтын үнийн зөрүүг ердөө 2 жилийн дотор нөхөх боломжтой.
Ерөнхий сайд Н.Учралын “Ногоон шилжилт бол шинэ эдийн засгийн суурь, шинэ хөгжлийн шинэ эриний эрүүл хөрс юм” гэдгийг онцолсон нь ийм учиртай. Улмаар давхардсан олон шаардлага, хүнд суртлын гох дэгээгээр хувийн хэвшлийн боломжийг чөдөрлөхгүйгээр, боомтуудад цахилгаан автомашины “Ногоон гарц” нээхийг даалгав.
Засгийн газраас баримтлах стратегийн хувьд 2027–2030 онд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зам дагуу нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, 24/7 хоолны газар, амрах цэг бүхий иж бүрэн 7 ногоон өртөө болон сүлжээ болон өргөжүүлнэ.
Ийнхүү “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон тогтоол” баталснаас хойш ердөө хагас жилийн дотор 130 түргэн цэнэглэгчийг нийслэл болон 10 аймагт ашиглалтад оруулсан нь хийе гэвэл хангалттай боломж байгааг бэлхнээ харуулж байна.
Дизель түлшний хамгийн том хэрэглэгчид болох Оюу Толгой, “МАК” тэргүүтэй уул уурхайн томоохон компаниуд ч цахилгаан хүнд механизмыг турших ажлыг түрүүчээсээ эхлүүлсэн нь “Ногоон шилжилт”-ийг түүчээлэх индикатор болох нь мэдээж.
Г.Эрхэс