С.Амарсайхан: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгоно

Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцуулсан. Тэрбээр, Монгол Улс дахь хар тамхины хэрэглээ, гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөж, улмаар монгол хүний амь нас, эрүүл мэнд, удмын санд ноцтой хор уршиг учрах эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн, донтсон хүнд эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал орхигдсон. Мөн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг бүрэн, тодорхой зохицуулаагүйгээс далд нууц, зүй бус эргэлтийн эрсдэлт байдал ихэссэн. Улсын хэмжээнд 2017-2025 онд ийм төрлийн гэмт хэрэг нийт 2100 бүртгэгдэж, 2422 хүн холбогдсон. Тэдний талаас дээш хувийг 18-25 насныхан, 35.8 хувийг 26-35 насныхан эзэлж байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувиар, зөрчил 26,6 хувиар өсжээ. 

Сүүлийн 8 жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн. Иймд хуулийн төсөлд Донтох эмгэгийн сэргээн засах төв байгуулж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын мэдээллийн сан бий болгохоор тусгалаа. 


Хуулийн төсөл батлагдсанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд төрөөс хяналт тавих бодлого, механизмыг бүрдүүлж, хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчинг  боловсронгуй болгоно. Эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэх, донтолтоос ангижруулах, эдгээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бүрдүүлнэ гэв.

 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Одонтуяа, Б.Баярбаатар, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, С.Эрдэнэболд нар асуулт асууж, үг хэлэв. Мансууруулах бодисын төрөл, зүйлээс хамаарч ялын бодлогыг оноох, урьдчилан сэргийлэх төвүүдийг барьж, байгуулах, хүүхэд хамгааллын асуудлыг тусгасан эсэх, дэлхий нийтийн аргачлалд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх, мэргэшсэн, олон жилийн туршлагатай төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, донтолттой тэмцэж буй арга барил, хэрэглэгч хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохицуулалт нэмж оруулах, албадан эмчилгээнд хамруулах асуудлыг хэлэлцлээ. Тулгамдаж байгаа асуудлын нэг нь боловсон хүчнийг бэлтгэх явдал хэмээн Ажлын хэсэг хариулсан. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг байх зарчмын хэрэгжилтийг тэд онцолсон. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 52.6 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтов. Хамт өргөн мэдүүлсэн 4О гаруй хуулийн төсөл тус бүрээр санал хураалаа. Төслүүдийг гишүүд дэмжсэн. Санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.