Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн талаарх саналаа УИХ-ын дарга С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлжээ.  

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1975 онд одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сум буюу Дархан хотод төрсөн. Жүхбаатар 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан. Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.

Ж.Сүхбаатар 1997-2005 онд Улаанбаатар эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2026 оны 04 дүгээр сараас Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж.

Жүхбаатар төрийн албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албанд удирдах болон өндөр албан тушаалуудад удаа дараа сонгогдон, томилогдон ажилласан. Ж.Сүхбаатарын төрийн ажил, эрх зүйн онол практикийн өндөр мэдлэг чадвар, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.  

Нэр дэвшигч Г.Эрдэнэбат 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Г.Эрдэнэбат нь 1990 онд 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн Г.Эрдэнэбат 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 1996-1998 онд БХИС-д багш, 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, 2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч, 2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.  

Г.Эрдэнэбатын төрийн алба болон эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын байгууллагад ажилласан туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.

Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, нэр дэвшигчид хуулийн салбарт өөрсдийгөө таниулсан хуульчид хэмээн тодотгоод, нэр дэвшигчид улс төрөөс ангид байх зарчмыг хэрхэн баримтлах, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг лавласан.

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Үндсэн хуулийн цэц буюу Үндсэн хуулийн шүүхийн загвар улс орнуудад янз бүр байгаа. Үндсэн хуулийн цэц улс төрөөс хол байх ёстой гэж онол талаасаа тайлбарладаг.  Тэгэхдээ Үндсэн хуулийн эрх зүйн маргаан төрийн дээд байгууллага, төрийн дээд албан тушаалтны асуудлуудыг шийдвэрлэдэг учраас гаргаж байгаа шийдвэр улс төрийн үр дагаврыг үүсгэдэг. Үндсэн хуулийн түвшний маргаан шийддэг учраас улс төрөөс огт хамааралгүй гэж хэлэх аргагүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт ороогүй бараг 30-аад жил болсон байх. Энэ хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Хамгийн гол Үндсэн хуулийн үзэл баримтлал, амин сүнс болсон агуулгынх нь хүрээнд байх ёстой. Цаашдаа ч гэсэн Үндсэн хуулийн цэцийн гаргаж байгаа шийдвэрүүд олон нийтийн анхаарал татаж, шүүмжлэх зүйлс гарах байх. Гэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх үйл явцыг сайжруулвал тэрхүү механизмдаа захирагдаад явах болно гэсэн хариулт өгөв.

Нэр дэвшигч Г.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүнийг томилохоор заасан. Энэ бол зайлшгүй тавигдах ёстой шаардлага гэж боддог. Улс төр гэдгийг хүмүүс маргаан хэлэлцүүлэг явдаг процессоос нь болоод муухай зүйл гэж төсөөлөөд байдаг.

Гэтэл үнэндээ улс төрчид, УИХ-ын гишүүд улсаа хөгжүүлэх бодлогын төлөө л ухаанаа уралдуулж байгаа. Ямар бодлогоор хууль гаргана, ямар зорилго тавьж, ямар арга хэрэгслээр улс орныг хөгжүүлэх гэж байгааг ойлгож мэдэхгүй хүн тухайн бодлогын үр дүнд баталсан хууль, УИХ-ын шийдвэр, бусад албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг ойлгож шүүх боломжгүй. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахдаа тухайн үеийн улс төрийн албан тушаалтны, эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөлөлд автахгүйгээр Үндсэн хуулийн үзэл санаа, төрийн бодлого хоёроо харьцуулан ажиллах зайлшгүй шаардлага бий. Тийм учраас энэ хоёр хоорондоо айхтар зөрчилдөхгүй байх гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нийгмийн хөгжлөө дагаад хөгжих ёстой гэж үзэж байна хэмээн хариулсан юм.

УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын даргаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгосон нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.