Б.Найдалаа: Эрчим хүчний салбарт тавьсан татаас нь хүрэлцэхгүй
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. (Төслийн дэлгэрэнгүйг унших)


Төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 2027 оноос эхлэх тодотголтой Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрт 850 гаруй мянган төгрөг оногдохоор байгааг өөр зүйлд зарцуулахгүй, хасаж танаж болохгүйг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, хүүхдийн хоолны агууламж, чанарт нөлөөлөхгүйгээр төсөвлөх, УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн сахилга хариуцлагыг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг сануулж, асуув.


Ирэх оны төсвийг хэлэлцэх үед сайдууд ирээгүй учраас хэлэлцэхийг хойшлуулах, салбар бүрт хэмнэлт бус тэлэлт оруулж ирснийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тодруулж, бусад гишүүнтэй санал нэгдэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн нар төсөвт холбогдох сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хөндөв.

Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтийг төлөвшүүлж, төрийн бүх байгууллага хүний эрхэд суурилсан үйлчилгээг хэрэгжүүлэх учиртай хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал сануулав.
Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, сайд нар хариулсан. Ирэх жил эрчим хүчний салбарт тавьсан татаас нь хүрэлцэхгүй, хэрхэн зөв нөхөх асуудалд анхаарал хандуулж өгөхийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хүссэн.
Мөн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бусад байгууллагыг урсгал зардал өссөн байгааг, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, төсвийн зарлагаа ганцхан жилийн дотор хэдэн их наядаар нэмж болохгүйг, УИХ-ын гишүүн Г.Очирбат, чөлөөт эдийн засаг хумигдаж буйг сануулж тодруулав.

Гишүүд асуулт асууж, Засгийн газрын төлөөлөл хариулж, төсвийн төслийг хэлэлцүүлж дууссаны дараа УИХ-ын гишүүн О.Батнайрамдал аливаа шийдвэрт Үндсэн хуулийн зарчмаа баримтлахыг, УИХ-ын гишүүн Б.Жаргалан ард түмний амьдрал доройтсон байхад Оюутолгойн ногдол ашгийг төсвийн зарцуулалт болгохгүй байхыг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дэмжиж үг хэлэв. Ирэх оны төсвийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр шатахууны нөөц, хадгалах агуулах савны талаар холбогдох яамнаас мэдээлэл өглөө.