С.Магнайсүрэн: Дотоод хяналт болон төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай
Л.Энх-Амгалан: Хот, хөдөөгийн сургалтад чанарын ялгаа их болсон
Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж танилцуулав. Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өссөн бөгөөд нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байжээ. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна.
Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ. Малчин өрхийн хүүхэд зургаан наснаас сургуульд суралцах нь тэдний амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, олон талын сөрөг үр дагавар дагуулж буй тул малчдын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг хуульд заасан журмын дагуу зайнаас болон цахимаар явуулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл, П.Ганзориг, Л.Энх-Амгалан нар асуулт асуусан юм. Хуулийн хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх, энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг болон бусад нөхцөл, шаардлагаар зайнаас болон цахимаар сургалтад хамруулж буй эцэг, эхчүүдийн туршлага, урьд өмнө манай улсад хэрэгжүүлдэг байсан шавь сургалт зэрэг арга хэлбэрүүд, туршлагыг хэр судалсан тухай, мөн зайны болон танхимын сургалтын чанарын зөрүүг хэрхэх зэргийг асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан суралцах арга хэлбэрийн болон элсэлтийн насны зөрүү байхгүй байгаа үед ч хот, хөдөөгийн сургалтад чанарын ялгаа их болсныг дурдаж, хуулийг хэрэгжилтийг хэрхэн чанартай зохион байгуулах, сурлагын хоцрогдол үүсгэхгүй байх зэрэгт анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Рэгдэл нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70.6 хувь нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэлдээ Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг онцолж, Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор өгсөн чиглэлүүд энэхүү жилийн ажлын төлөвлөгөө, монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогод нэг бүрчлэн туссан гэдгийг танилцуулсан юм. Бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтэд сургуулийн өмнөх, ерөнхий, мэргэжлийн болон техникийн, дээд, насан туршийн боловсролыг хамруулж буй бөгөөд чанар ба хүртээмжийг сайжруулахад чиглүүлж буйг сайд ярилаа. Гэрт ойрхон сургууль, сайн сургууль зарчмуудын хүрээнд 200-аас доош сурагчтай сум дундын сургуулиудыг шинэчлэн зохион байгуулж, ахлах сургуулийн тогтолцоог бэхжүүлэх, аймаг болон бүсийн төвүүдэд Кембрижийн хөтөлбөртэй ахлах сургууль хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотод хэт ачаалалтай сургуулиудыг шинэчилж, анги дүүргэлтийг 35-аас хэтрүүлэхгүй байх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах чиглэлийг баримталж байгаа аж.
Тус салбарт хөтөлбөрийн шинэчлэл, багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, хувьсах зардлын шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, сургууль цэцэрлэгийн менежмент, дижитал шилжилт гэсэн зургаан том шинэчлэл хэрэгжүүлж байна. Мөн Англи хэлний сургалтыг гуравдугаар ангиас эхлүүлэх бэлтгэл хангаж байгаа юм. Түүнчлэн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2030 он хүртэлх хугацаанд Улаанбаатарт 108 сургууль, 95 цэцэрлэг барих, өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк (АХБ), Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буй ажээ.
Мэргэжлийн боловсролын салбарт аж ахуйн нэгжүүд, МҮХАҮТ-тай хамтран суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах, хосолмол сургалт, үйлдвэрлэлийн дадлага, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. АХБ-ны 20 сая ам.долларын санхүүжилтээр хөдөө аж ахуйн чиглэлийн загвар коллеж, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн баазууд байгуулж, JICA-гийн дэмжлэгтэйгээр Коосен хөтөлбөр болон дадлагын төвүүдийг хөгжүүлж байна. Мөн дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, чанартай 20 их, дээд сургуулийг хөгжүүлж, бусдыг нь коллежийн тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан их өгөгдлийн платформ хөгжүүлэхээр төлөвлөжээ.