У.Хүрэлсүх: XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртай
ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Шинэ дүрэм, шинэ хуудас, шинэ улс төр!
С.Баярын Засгийн газар анх шанг нь татсанаас хойш С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар тэргүүтэй есөн ч Ерөнхий сайдын нүүрийг үзсэн Оюу Толгой төсөл Н.Учралын өнгөн дээр бас нэгэн түүхийн хуудас нээлээ. Гэдэг нь 2009 оноос хойш 17 жилийн турш Монголын улс төрийн гол агуулга болж ирсэн эл аварга төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто групптэй хийж буй хэлэлцээний үр дүнд Монголын эдийн засагт шинэ эргэлт авчрах тохиролцоонд талууд нэгдсэнээ баасан гарагийн орой зарлав.
Тэртээ 2009 онд С.Баярын Засгийн газрын үед анхны Хөрөнгө оруулалтын гэрээг зурснаас хойш үе үеийн гүйцэтгэх засаглал дамжин адармаатай үргэлжилсэн төсөл Монгол Улсын талд бодит үр өгөөжөө өгөх бас нэгэн түүхийн шинэ хуудсыг албан ёсоор нээсэн нь энэ.
Учир нь, өнгөрсөн хугацаанд зөвхөн “өр хуримтлуулдаг” гэх шүүмжлэлийг дагуулж, тэр хэрээрээ улс төрийн хүрээнд жин дардаг байсан Оюу Толгой төслийн санхүүгийн бүтцийг Засгийн газраас прагматик тактикаар дахин хэлэлцсэний дүнд нийт зардлыг 8.4 тэрбум ам.доллароор бууруулахаар болов. Улмаар ирээдүйд хүртэх цэвэр ашгийг 4 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр эцэслэн тохиролцлоо.
Үндсэндээ Оюу Толгой төслийн зардал нийт 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл ийн бүрдэв.
Санхүүгийн хувьд энэхүү асар том хэмнэлт мөн үү, мөн. Рио Тинтогоос Оюу Толгойд ногдуулдаг байсан менежментийн зардлыг 50 хувиар бууруулан давхардлыг арилгаж 2.2 тэрбум ам.доллар хэмнэсэн бол хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулснаар зээлийн төлбөрт гадагшлах байсан 6.2 тэрбум ам.долларыг дотооддоо үлдэхээр болж байна.
Мөн өмнө нь 7 жил тутамд нэг удаа зээлийн хүүг хэлэлцдэг байсан хугацааг 3 жил болгон богиносгож, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хүүг дахин бууруулах уян хатан боломжийг бүрдүүлсэн нь Монголын талын хувьд барьцаа ахиулж, бүр лавшруулсан алхам байв.
Үүнээс гадна анхны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр 2037 оноос нааш авахгүй байсан, улмаар өмнөх хэлэлцээрүүдээр наашилсан ногдол ашгийн хугацааг дахин урагшлуулж, 2027 онд багтаан анх удаа Оюу Толгой төслөөс ногдол ашиг авахаар хугацааг эрс наашлуулж чадсан нь энэ удаагийн хэлэлцээний хамгийн том ололт болж үлдэх нь.
Одоогийн байдлаар ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн нэрийн данс руу шууд хуваарилахаар хэлэлцэж буй. Ингэхдээ 1 их наяд орчим төгрөгийг иргэдэд шууд бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгож, үлдсэн хэсгийг нь улс орны хөгжлийн стратегийн томоохон төслүүдэд зарцуулахаар төлөвлөсөн.
Өнгөрсөнд болсон үйл явдлаас харахад Рио Тинтогийн Зэсийн группийн удирдлагууд Улаанбаатарт ажиллаж, Засгийн газрын Ажлын хэсэгтэй уулзалт хийх бүрд ямар нэгэн байдлаар таагүй уур амьсгал бүрддэг байв. Харин энэ удаад эдийн засаг, улс төр талаас харилцан буулт хийж, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд албан ёсоор тусгаж, гарын үсэг зуран баталгаажуулах хууль эрх зүйн ажлыг гүйцэтгэхээр болсон нь 2009 оноос хойшхи хамгийн том шийдвэр болж байна.
Үүгээр зогсохгүй зэрэгцээ Оюу Толгойн ордын бүсэд хамаарах "Онтре”-гийн лицензийн талбайн асуудлаарх хэлэлцээг эхлүүлж, Монголын талын хүртэх нийт үр өгөөжийн хэмжээг хуульд заасан 53 хувиас буулгахгүй байх бодлогыг хатуу баримтлахаа Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын зүгээс мэдэгдсэн.
Нөгөө талд далд уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлийн гол тоглогч болоод зогсохгүй, иргэн бүр баялагтаа эзэн болох бодит суурь үе дамжсан түүхэн хэлэлцээний үр дүнд ийнхүү тавигдаж байна.
Г.Эрхэс