Хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцэлнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 7 гишүүн 2026 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн илтгэлийг П.Сайнзориг гишүүн танилцуулахдаа, Үндсэн хуульд зааснаар “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.”, Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:” гэж, мөн “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;” гэж заасан байдаг. Түүнчлэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр-т хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, цэгцэлнэ гэсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд “хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлохоор тусгасан нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Өнгөрсөн намрын байдлаар 2400 орчим захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлд байсан. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг УИХ-д хүргүүлдэг зохицуулалттай. Эдгээр нь нийтлэг байдлаараа дээд шатны байгууллага, захиргааны шүүхийн хяналтад байж, зарим захиргааны хэм хэмжээний акт Үндсэн хуулийн цэцээр хянагдах боломжтой. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим төдийгүй хууль дээдлэх зарчим, хүний эрхийг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Гэвч Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнөх хууль тогтоох практикт нийтээр заавал дагаж мөрдөх, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээг бий болгох, тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод бүтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон. Тухайлбал УИХ-ын байнгын хороо, дэд хороодод захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. “Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам батлахгүй.” гэснийг зөрчиж, хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй 126 гишүүдээс бүрдэх Улсын Их Хуралд хадгалагдах, засаглалын аливаа эрх мэдэл харилцан хяналттай байх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим алдагдах, шүүх эрх мэдлийн байгууллагад хандах иргэдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхээр байна гэж үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим хангагдаж, иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүх эрх мэдлийн байгууллагад хандах боломжтой болно. 

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон хүний эрийн олон улсын гэрээтэй нийцүүлж, есөн хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн тухай дурдлаа. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Дам.Цогтбаатар нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Харин төслийг дэмжих эсэхээр үг хэлэх гишүүн байсангүй. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.