Н.Учрал: Бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална
С.Эрдэнэболд: Тариалангийн салбар өнөөг хүртэл бие даасан хууль, зохицуулалтгүй явж ирсэн
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүнээс 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Хууль санаачлагчдыг төлөөлж С.Эрдэнэболд гишүүн илтгэхдээ, тариалангийн салбар нь манай улсын стратегийн шинжтэй салбаруудын нэг мөн тул өнөөг хүртэл бие даасан хууль, зохицуулалтгүй явж ирсэн алдааг энэхүү төслөөрөө засаж залруулахыг зорьсон хэмээн онцоллоо. Уг хуулийн төсөл нь улс орны хөгжлийн бодлоготой нягт уялдаж байгааг тодотгов. Индекс гэдэг нь хэн ч шалгаж болохуйц бодит үзүүлэлт бөгөөд аливаа хохирлыг тогтоох, нэгэн зэрэг олон тариаланчийг хамруулах зэрэг давуу талтай учраас даатгуулах, эрхийг хамгаалах сайн талтай хэмээв. Талбайд байршуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар хиймэл дагуулаас мэдээлэл авч, код олгож, нэг талбайг давхар даатгуулах зэргээс сэргийлнэ. Төслийн үр дүнд гурван шатлалт даатгалын тогтолцоог энэ салбарт нэвтрүүлнэ. Индексийн босго тогтоож, даатгалын нөхөх олговрыг олгохоор төсөлд тусгасан. Энэ хуулийн төслийн үр дүнд ямар нэг шинэ сан байгуулахгүй, ямар нэг төсөв үрэгдэхгүй. Дэд бүтцийг дэмжиж, сайжруулахаас гадна хараат бус байдлыг бий болгох сайн талтай гэсэн юм. Гадаадын улс орнуудын туршлагаас харахад ийм зохицуулалт нь ихээхэн үр дүнтэй байдаг. Ингэж зохицуулснаар Уялангуяа манай орон шиг цаг агаар, улирлаас шууд хамаарал бүхий газар тариалангийн салбарынхнаа эрсдлээс хамгаалах боломжтойг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Г.Очирбат, М.Мандхай нар тодруулж, хариулт авлаа. Төслийг дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж УИХ-ын гишүүн М.Мандхай үг хэлэв. Тэрбээр жил ирэх тусам газар тариаланг дэмжиж, гамшгаас үүсэх хор уршгийг төсөвт хамаатуулснаар ачаалал нэмэгдүүлж байгаа тул сайтар тооцоолж, төслийг чамбайруулан боловсруулах шаардлагатайг онцолсон юм.

Санал хураалт явуулахад, уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг илтгэгчээр томиллоо.