Ирэх оны нэгдүгээр сарын 1: Намаа бодох уу, Улсаа бодох уу?
Төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор болсноо Ерөнхий сайд Н.Учрал орон нутагт ажиллах үеэрээ мэдэгдлээ. Шийдвэр албажиж ажил хэрэг болгох хугацаа нь ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр.
Нийгэмд үзүүлэх нөлөөлөл талаасаа сайн мэдээ. Харин эрх баригч МАН-ын хувьд муу мэдээ. Маш муу мэдээ. 2016 оноос хойш засаглаж байгаа эрх баригч намд нэг жишиг тогтсон гэхээсээ тогтоосон нь сонгуульд унасан шороотой бөхөө аль нэг ТӨК-ийн толгойд эсвэл ТУЗ руу шингээж “шагнадаг” уламжлал 10 гаруй жилийн хугацаанд бий болсон нь үнэн. Өр төлөх хийгээд гавьяаны амралтаа авсан заримыг нь ч ТӨК-ийн гүйцэтгэх удирдлагад сэлгэн томилж, тэр хэрээрээ нийгэмд шүүмжлэл, хардлага дагуулж ирсэн энэ асуудлыг халж, нээлттэй өрсөлдөөн рүү шилжүүлэх зоригтой алхам өнгөрсөнд гаралгүй өнөөдрийг хүрсэн нь ч нууц биш.
Лав л Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа нийтийн бус намынхаа, журмын нөхдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн нь туйлын үнэн. Гагцхүү нийт 113 ТӨК-ийн удирдлага, ТУЗ-ийг хамарсан эл реформын үр дүн 1990 оноос хойшхи Төрийн өмчийн засаглалд нэгэн шинэ хуудсыг нээх нь.
Төр өөрөө хамгийн том бизнес эрхлэгч, тэдгээр нь бүгдээрээ намын томилгоотой явж ирсэн эл аварга бүтцэд салхи оруулаад зогсохгүй удирдлага, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг бүхэлд нь шинэчилнэ гэдэг том зургаараа олон эерэг шийдлийг дагуулна.
Нэгдүгээрт, ТӨК дэх улс төрийн нөлөөллийг таслана. Өнөөг хүртэл төрийн өмчит компаниудыг улс төрийн намуудын "шагнал”-ын алба мэтээр харж, сонгуулийн мөчлөг бүрээр удирдлагыг нь сольдог жишиг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд үгүй болно гэсэн үг. Намын харьяалал, танил талаар бус, зөвхөн ур чадвар, туршлагаар нь томилох нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаарт, улс төрийн томилгоо багасахын хэрээр компанийн удирдлагад эрүүл сэтгэлгээ бий болно. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлага, мэргэжлийн менежерүүдэд хаалга нээгдэнэ. Дотоод үйл ажиллагаа сайжирч, хөдөлмөрийн бүтээмж дээшилнэ.
Гуравдугаарт, жил бүр төсвөөс татаас авдаг, тэр нь хэдэн их наядаар хэмжигддэг ТӨК-иудаас татвар төлөгчдийн нуруун дээр очдог ачаа хөнгөрнө. Тодорхой гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр дүгнэгдэх тул компанийг ашигтай ажиллуулах хариуцлага өндөрсөнө. Улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашиг өснө.
Дөрөвдүгээрт, ТӨК-ийн захирлуудын өндөр цалин урамшуулал, үргүй зардал олон нийтийн хяналт руу шилжинэ. Цалин урамшууллыг зөвхөн ажлын бодит үр дүнтэй уялдуулна. Үндэслэлгүй өндөр цалин, тансаглалыг танаж, засаглалын хариуцлага нэхэж эхэлнэ.
Тавдугаарт, Төрийн дэмжлэг, давуу эрхэд дулдуйдах бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй ижил тэгш зарчмаар өрсөлдөх эдийн засгийн эрүүл суурь бүрдэнэ. Мэргэжлийн удирдлагатай болсон ТӨК-иуд зах зээлийн жамаар хөгжиж, улмаар хувьчлах, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох дараагийн алхмуудыг хийж эхэлнэ.
Үндсэндээ ТӨК-ийн захирлуудыг чөлөөлж нээлттэй сонгон шалгаруулах нь зөвхөн хүн солих асуудал биш. Төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлж, улс төрөөс ангид, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх стратегийн чухал алхам гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.
Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь Н.Учрал Ерөнхий сайдын хувиар ТӨК-ийн “толгой”-г бүхэлд өөрчилж чадах уу гэдэг нь өнөөдөртөө асуултын тэмдэг. Шийдвэр албажих өдрөөс буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс намдаа, Ерөнхий сайддаа гоморхож, тунирхах, магад өс зангидах журмын нөхөд нь нэгээр тоологдохгүй МАН-ын “Цагаан байр”-аар ч, Төрийн ордноор ч олшрох учраас.
Гагцхүү намаа бодох уу, улсаа бодох уу гэсэн эргэлтийн цэг дээр Ерөнхий сайд Н.Учрал зогсож буйгаа гадарласан учраас, эцсийн дүндээ өөрт ирэх улс төрийн галыг тооцсон болохоор ТӨК-иудад салхи оруулах шийдвэрээ мэдэгдсэн байж таарна.