Б.Найдалаа: Цахилгаан станцуудын насжилт эрсдэл үүсгэж байна

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Гишүүний асуулгын хариуг хуульд заасан хугацаанд урьдчилан ирүүлсэн бөгөөд Эрчим хүчний сайд Б.Найдалаа хуралдаанд илтгэж, танилцууллаа. Тэрбээр, эрчим хүчний 11 дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж 42–65 жилийн насжилттай ба өвлийн их ачааллын үед бэлтгэл нөөцгүй ажиллаж байгаа нь найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Иймд зуух, турбин болон шугам сүлжээг үе шаттай шинэчлэх шаардлагатай гэв. Түүнчлэн 11 зуухны ашиглалтын норматив хугацаанаас 1.5-2 дахин хэтэрсэн тул шинэчлэх төлөвлөгөөг боловсруулан шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны нийт зардлын нэг хувийг энэ онд төлөвлөж ажилласан. Сүүлийн зургаан жилд 21 байгууллагад 54 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 59 хүн өртсөн. Эрчим хүчний салбарын хэмжээнд 12 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд дундаж цалингийн хэмжээг бодит нөхцөл байдал, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлж, 4,569.11 мянган төгрөгт хүргэсэн тухай илтгэв. Тус салбарт хүний нөөцийн асуудал үүсэж мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа нь ажлын хүнд, хортой нөхцөл болон хувийн хэвшлийн байгууллагууд чадварлаг боловсон хүчинд өндөр цалин, уян хатан нөхцөл амалдаг, гадагшаа урсах урсгал зэрэг хүчин зүйлтэй холбоотойг үгүйсгэхгүй хэмээв.