Э.Батшугар: Хяналтын тогтолцоонд реформ хийж, бүрэн цахимжуулна
Хуулийн этгээдийн үйл ажиллагааны тогтвортой байдал бий болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 6 гишүүн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн талаар хууль санаачлагч илтгэсэн.
Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалт хуульчлагдсанаас хойш жил ирэх тусам хуулийн этгээдэд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн тоо өсөж байгаа. Холбогдох процессын хэм хэмжээг нарийвчлан тодорхойлж өгөөгүйгээс практикт хэргийн нөхцөл байдлаас үл хамааран тухайн хэргийг хянан шийдвэрлэж байх бүхий л хугацаанд хуулийн этгээдийн үйл ажиллагааг бүрэн түдгэлзүүлэх, банкны дансан дахь мөнгө түгжигдэх тохиолдол гарч байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоос давсан, эдийн засаг, нийгэмд хэт хохиролтой үр дагавар бий болгох эрсдэлтэй. Хуулийн этгээдэд үйл ажиллагааг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа хийхэд нөхцөл, шалгуурыг хуульд тодорхой тусгаагүйгээс бодит амьдралд ажил эрхлэх, бизнес, эдийн засгийн хүндрэл үүсэх болсон. Иймд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа үр дагаврын хуульд тодорхой тусгаж, хугацааны зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай. Хоёр зүйлээс бүрдэх төслийн эхэнд хуульд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах, 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдийн үйл ажиллагааны тогтвортой байдал бий болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсэхгүй гэлээ. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Дам.Цогтбаатар, П.Сайнзориг нар асууж, байр суурь илэрхийлэхэд, хууль санаачлагч гишүүдээс гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хариулсан. Тэрбээр улсын хэмжээнд хуулиудын давхардал, хийдлийг арилгах, шинэ төслүүдийг хэлэлцэхдээ уялдуулах нь чухал гэв. Эрүүгийн хуулийн асуудалд гишүүд болгоомжтой хандах, заавал холбогдох яамаар хэлэлцүүлж байж өргөн мэдүүлэх шаардлагатайг, мөн эдийн засаг, хүний эрхийн шалгуур хангасан байхыг Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар онцоллоо. Хуулийн төслийг тус Байнгын хороо 66.7 хувийн саналаар дэмжив.