“Inclusive Data” төсөл: Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг ингэж бүрдүүлнэ
Зах зээлийн сүүдэрт нуугдсан “эдийн засгийн геноцид”
Саруулсайханы Цэнгүүн. Энэ парламентын хамгийн залуу гишүүн. Тойргоос бус намын, тэгэхдээ АН-ын жагсаалтаар сонгогдсон нэгэн. 126 гишүүнтэй анхны парламентын хамгийн залуу эмэгтэй гишүүнээр сонгогдсон тэрбээр үг хэлэх болгондоо цахилгааны үнийг чөлөөлөх тухай ярьдаг байв. Удалгүй Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайдаар ахлуулан байгуулахад эрхэм гишүүн С.Цэнгүүн гишүүнээр нь ажилласан түүхтэй. Энэ хүрээнд эрчим хүчний үнэ, тарифыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн ч бодит үр дүнд төдийлөн хүрээгүй. Эсрэгээрээ иргэдийн халаасанд хамгийн хүнд цохилт болсон шийдвэрийг нэг байв.
Эл шийдвэрийн ард 550 гаруй тэрбум төгрөг төсөвт цугларсан ч зарцуулалт нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон нь саяхных. Өөрөөр хэлбэл, С.Цэнгүүн гишүүний манлайллаар эрчим хүчний салбарт хагас их наяд гаруй төгрөг төвлөрсөн ч сэхэл авах нь байтугай сэхээнээсээ ч гарч чадахгүй өнөөдрийг хүрэв. Гэтэл С.Цэнгүүн гишүүнд энэ нь тийм ч хангалттай санагдаагүй бололтой. Шатахууны үнийг чөлөөлж, “Хүүхдийн мөнгө”-ний олголтыг зогсоох санаачилга гаргасан талаарх мэдээлэл ойрмогхоноос явж эхэллээ.
Онолын хувьд зөв байж болох ч зах зээлийн зарчим гэх гоёмсог шошготой эдгээр мэдэгдлүүд нь Монголын өнөөгийн нийгмийн бодит байдал, ард түмний амьдралаас хэтэрхий тасарсан, поп улстөрчийн ээлжит "шоу" гэж тодотгохоос өөр аргагүй юм. Шууд утгаараа “эдийн засгийн геноцид”.
Яг үнэндээ Төрийн ордонд дулаахан суугаа гишүүнд цахилгаан, шатахууны үнэ хэд дахин нэмэгдэх нь зүгээр нэг "тооны өөрчлөлт" байсан байж болох ч жирийн иргэдийн хувьд энэ нь туйлдаж унахын дохио. Цахилгаан, дулааны тариф өссөнтэй холбогдуулж үйлдвэрлэлийн өртөг нь нэмэгдсэн талхнаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахуунаас үүдэлтэй тээвэрлэлтийн зардал нь өсвөл хэрхэх вэ? Бараг “дабльдана”, бүр тэнгэрт хадна. Цаашлаад дундаж давхаргаа "арчих" төлөвлөгөө болж хувирна. Үүнийг С.Цэнгүүн гишүүн мэдэхгүй биш мэднэ. Сайн мэднэ.
Нэмээд “Хүүхдийн мөнгө”-ийг "хавтгайрсан халамж" хэмээн үзэж, үүнийг зогсоох эсвэл зөвхөн зорилтот бүлэгт өгөх санаачилга бол Монголын өрхүүдийн амьдралыг огт мэддэггүйн илрэл. Ганц үнэн нь гэвэл “Хүүхдийн мөнгө” бол халамж биш, харин хүн ам зүйн бодлого, хүүхдийн эрхийн баталгаа.
Уг нь төсвийн үрэлгэн зардал, "ах нар"-ынхаа идсэн, уусан тэрбум, тэрбумын хулгайтай тэмцэхэд С.Цэнгүүн гишүүний үүрэг оролцоо, улс төрийн манлайлал байлтай. Гэвч сав л хийвэл үнэ чөлөөлөх нэрийн дор улс орны эдийн засагт заналхийлдэг, бүр сүүлдээ “Хүүхдийн мөнгө” рүү хүртэл гар сарвайж байгаа нь залуу хүний хувьд увайгүй улс төр биш гэж үү?
Зах зээлийн шилжилтийг ард түмний нуруунаас өөр хаанаас ч хамаагүй хайж олдог хуучин нийгмийн “шок эмчилгээ”-г GenZ үеийн гишүүн маань шинэ шийдэл хэмээн попорч байгаа нь харамсалтай биш гэж үү! Монгол Улс бол Сингапур биш, Америк ч биш. Тиймээс онол ярихаасаа өмнө олон нийтийн амьдрал дундуур алхаж, бодит байдлыг мэдрэх хэрэгтэйг залуу гишүүнд сануулах цаг болжээ.