Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлуулжээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 41 хууль, УИХ-ын 8 тогтоолын төслийг батлуулж, Байнгын хорооны 19 тогтоол батлав.

Тус байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай; Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай; Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/; Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай; Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд; Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслүүд:

Хэлэлцэх эсэх шатанд:

1.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2024.12.27/;

2.“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл / 2025.04.24/;

3.Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2025.05.21/;

4.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2026.07.02/.

Анхны хэлэлцүүлгийн шатанд:

1.Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2025.01.24/;

2.Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2025.05.27/;

3.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2025.05.30/;

4.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.03.18/;

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /2026.04.30/;

6.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /2026.05.14/;

7.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /2026.05.29/

Хууль, тогтоолын төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, саналыг тусгуулах үүднээс Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр 2026 оны гуравдугаар сард, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар мөн сард, Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр дөрөвдүгээр сард, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслөөр тавдугаар сард, Гэр бүлийн хэрэг маргааныг шүүхийн журмаар хэрхэн шийдвэрлэх асуудлаар, “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зургадугаар сард зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд Засгийн газар болон холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг тухай бүр сонсож, хэлэлцсэн. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайлан, хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг тус тус хэлэлцлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд байгууллага, аж ахуйн нэгжээс 143 албан бичиг, иргэдээс 43 өргөдөл, гомдол ирүүлснийг хуульд заасан хугацаанд бүрэн шийдвэрлэн хариу хүргүүлсэн байна.