Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болдог

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэлэлцүүлгийн хааж, үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг төслийг энэ хаврын ээлжит чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх иргэн, хуулийн этгээдийн саналыг 2026 оны 04 дүгээр сарыг дуустал D.parliament болон цахимаар (QR), албан бичгээр, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр нээлттэй хүлээн авч байгааг тэмдэглэв.

Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго нь чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, аливаа төрлийн бизнесийг чөлөөтэй эрхэлж, төрийн зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, чөлөөлөхийн сацуу хүн амын эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж хяналтаа тавих байдлаар төрийн бизнес дэх оролцоог зохистой түвшинд байлгах гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэллээ. Хууль тогтоомж хэлбэрэлтгүй нэг мөр хэрэгждэг, хэнийг ч үл ялган ижил тэгш үйлчилдэг байх зарчмын үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтыг тодорхой болгож, хууль тогтоомжийн уялдааг хангахаар 90 орчим хуулийг өөрчлөхөөр төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг хэлэлцэж байгааг дурдав.

Ажлын хэсгээс төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хийж буй судалгаа, цуврал хэлэлцүүлгийн явцад хууль тогтоомж дахь зохицуулалтаас гадна хэрэгжилтийг онцгой анхаарч, холбогдох талууд хянан шалгаж байхын чухлыг тэмдэглэв. Иймд өдгөө Улсын Их Хурлаас хэлэлцэж буй хуулийн төслөөс гадна дахиад цөөнгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан сайжруулах шаардлага бий гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэллээ. “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг дараа дараагийн салбарын хүрээнд ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр дуулгав.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх саналуудаа дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар болон бусад хэлбэрээр нээлттэй өгч, хамтран ажиллахыг уриалав. Ажлын хэсэг төслийн талаар ирүүлсэн санал бүрийг судалж, томьёолж хуулийн төсөлд тусгах, мөн зохих саналуудыг тусган Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоол боловсруулж, батлуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Үр дүнд нь хуулийн хэрэгжилтийг хангах, нэр томьёог жигдлэн, нэг мөр ойлгомжтой болгох, үйл явцыг цахимжуулах, хүнд суртал багасгах боломж байна хэмээн тооцож байгаа аж.