Зарим сургууль автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртдөг

УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбарт хэрэгжиж буй бодлого, төсөл хөтөлбөр” сэдэвт илтгэлийнхээ эхэнд хууль эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 65 их дээд сургуульд 150282 оюутан суралцаж, 11403 багш, ажилтан ажиллаж байгаа юм байна. Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын 70 байгууллагад 40906 оюутан сурагч суралцаж, 3878 багш, ажилтан ажиллаж байгаа гэв. Ерөнхий боловсролын 885 сургуульд 797905 сурагч суралцаж байгаа бол 61016 багш, ажилтан ажиллаж байгаа аж. 1407 цэцэрлэгт 264818 хүүхэд хамрагдаж, 35339 багш, ажилтан ажиллаж байгаа талаар П.Наранбаяр сайд танилцуулаад сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдолд гадаад орчны бохирдол, анги дүүргэлт буюу нэг анги танхим дахь хүүхдийн тоо, барилгын хийц материал, анги танхимын агааржуулалт, улирлын шинж чанар зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг илтгэлдээ дурдав.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын анги танхимын дотоод орчны агаарын чанарыг үнэлэх 2022 оны судалгаанд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиуд хамрагджээ. Энэхүү судалгааны үр дүнгээс тэрбээр илтгэлдээ танилцууллаа. Хотын төвийн сургуулийн анги танхимын дотоод орчинд нүүрсхүчлийн хийн агууламж өндөр, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн сургуулиудад хэт өндөр гарчээ. Үүнд анги дүүргэлт шууд хамааралтай  гэдгийг тодотгов. Анги танхим дахь PM 2.5 тоосонцрын хэмжээ хаврын улиралд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.3 дахин их, агаарын хэм хэмжилт хийсэн анги танхимын 88.7 хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, харьцангуй чийгшил 74 хувьтай гарсан байна.

Ачаалал ихтэй, төв замд ойр байрладаг зарим сургууль автомашины гаралтай агаарын бохирдолд илүү өртдөг байна. Ерөнхий боловсролын сургуулиудын барилгын 69 хувь нь 2000 оноос өмнө баригдсан буюу насжилт өндөртэй барилгад байрлаж байгаа гэлээ. Барилгын насжилт нь дотоод орчны тоосонд агуулагдах хүнд металлын хуримтлалыг нэмэгдүүлдэг байна. Үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулиудын орчны аюулгүй байдал, ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд ерөнхий боловсролын 882 сургууль өөрийн үнэлгээгээ хийсэн талаар дурдаж, энэ талаар дэлгэрэнгүй танилцуулав.

2024 оны 8, 9 дүгээр сард 635 сургууль, цэцэрлэгт хийсэн хяналт шалтгалт явуулсан бөгөөд П.Наранбаяр сайд тус хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлын талаар танилцуулав. Илтгэлийнхээ төгсгөлд цаашид боловсрол, сургалтын байгууллагын дотоод орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан юм.