"Данхайсан төрөө цэгцлэх, авлига хээл хахуулийг багасгахад анхаарах шаардлагатай"

Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Засгийн газар 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлд төсвийн орлогын урт хугацааны стратегиийг хэрхэн харж буйг лавлаад, төсвийн орлогын хэлбэлзлийг бууруулах зорилго, шууд бус татварыг бууруулах бодлогын талаар хөндлөө.

Эдийн засгийн бүтцийг харахад уул уурхайн цөөхөн хэдэн бүтээгдэхүүнээс хамааралтай тул төсвийн орлогын талаар зөв стратеги боловсруулахгүй бол байнга хэлбэлзсээр байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариултдаа онцолсон. Тэрбээр Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай зэрэг 120 гаруй хуулийг энэ асуудалруу чиглүүлж, эдийн засгийн сууриа өргөтгөхөд анхаарч, тэлэх нь зүйтэй гээд ялангуяа хувийн хэвшлээ дэмжих, тодорхой үр дүн гарах салбаруудад анхаарах, уул уурхайн бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх шаардлагатай гэв.

Гишүүд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг шалгуур үзүүлэлттэй, зорилтот түвшинтэй, үр дүнг нь хэмжигдэхүйцээр засаж боловсруулсныг сайшаахын зэрэгцээ анхаарах асуудлаар санал хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Замира таван жилийн үндсэн чиглэлийн тэргүүлэх найман чиглэлд тусгасан асуудлыг шийдвэрлэх нь эдийн засагтай шууд холбоотойг тодотгов. Мөн Монгол Улсын эдийн засгийг сэргээх, зогсонги байдалд орсон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг томоохон асуудалд төр засаг нь төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ч нэн тэргүүнд данхайсан төрөө цэгцлэх, авлига хээл хахуулийг багасгахад анхаарах шаардлагатай гэж байлаа.