Ням-Осорын Учралыг дэмжих ганцхан шалтгаан!
Эрх зүйч, түүхч мэргэжилтэй энэ хүнийг олон нийт, улс төрийн хүрээнийхэн 2015 оноос мэднэ, бараг гадарлана. Гэдэг нь нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн хэлтсийг ахалж байгаад Шадар сайдын Зөвлөх болсон үеийг хэлээд байгаа юм. Басчхүү энэ үеэсээ МАН-ын тулах цэг, тулгуур багана болж ирсэн тухайн үеийн НАМЗХ, одоогийн Социал демократ Залуучуудын холбооны дэд болон ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Удалгүй УИХ-ын ээлжит сонгууль ч болов, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Н.Учрал хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтах болзлоо хангаж байлаа.
Чухамдаа үүнийг яагаад онцолж, магадгүй заримынх нь сайн мэдэх асуудлыг зориуд тодотгоод байгаа нь учиртай. Юу гэхээр Монголын парламентын түүхэнд нь анх удаа Цахим бодлогын түр хороо, удаах сонгуулийн үр дүнд буюу 2020 онд Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж явсан Н.Учрал өдгөө Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байна. Энэ хооронд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж асан туршлага нь түүнийх.
Ардын Намд үе солигддог, залуучууд нь түүгээрээ урагшилдаг нь үнэн ч ердөө 10 хүрэхгүй жилийн өмнө Шадар сайдын Зөвлөхөөс УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээр ээлж дарааллан ажилласан нь ховор, хуруу дарам цөөн. Тэр тусмаа нийгэм, цаг үеийнхээ хэрэгцээ шаардлага, технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэж алхах суурийг цутгаж, “И-Монголиа” цахим платформыг хөгжүүлсэн амжилт түүнийх. Ерөөс төрийн алба гэж юу вэ гэх хамгийн энгийн асуултад хангалттай хариулж, дүгнэдэг асуултыг халсан “И-Монголиа” системийн автор нь Н.Учрал өөрөө байв. Зөвхөн “И-Монголиа”-гаар дамжуулж хоёр сая гаруй иргэн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай авч байгаа нь үүний том, тод жишээ.
Улс төрд, улстөрч хүний өгсөх зам нь удаан, уруудах нь харин хурдан. Хөнгөн хуймгаа ганцхан байр суурь илэрхийлж, чуулганы индрийг буруу ашиглавал эргээд өөрт нь, уртын, цаашдын замд бул хар чулуу шиг нөлөөлнө. Ам алдвал барьж болдоггүй гэдэг шиг нэг л мэдэхэд алсуурна, өнгөрснөөр нь олон нийт дүгнэнэ. Яг үүгээр, энэ замаар Н.Учрал тойроогүй биш дайрсан. Хэсэгтээ л нүдүүлсэн. Гэхдээ Цахим бодлогын Түр болон Байнгын хороог санаачлан байгуулж, бүр яамных нь сайдаар ажилласан туршлагаараа тэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын гал тогоог хариуцсан “эзэгтэй”-н үүргийг гүйцэтгэж явсан нь саяхан, тав хүрэхгүй сарын өмнө.
Харин өнөөдөр улсын эдийн засгийн гол хөшүүрэг, хөдөлгүүр болсон Эдийн засгийн хөгжлийн яамыг Тэргүүн шадар сайдын хувиар бодлого зангидаж яваа нэгэн, 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын кабинетын гол залуурыг атгаж буй хүн. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүний хувиар “Цахим үндэстэн” болгоно гэж ярьдаг, амладаг байсан бол халааг нь авсан Г.Занданшатар хувийн хэвшилтэйгээ түншилсэн эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулах тухай онцлох болсон.
Гагцхүү “И-Монголиа” системээр дамжуулж хоёр саяулаа төрийн үйлчилгээг түүртэлгүй авч эхэлсэн хийгээд татварын дарамтыг бууруулж, таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, хамгийн гол нь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг татан буулгахыг нь буулгаж, нэгтгэхийг нь нэгтгэх тухай хуулийн төсөлд оройлон оролцож явсан Н.Учрал өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайдын хувиар хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийнхэнтэй ам хэлээ ололцох фронтын арын бус тэргүүн шугаманд явна. Залуу хүний үүрэх ёстой ачаа мөн үү гэвэл мөн.
Гол нь Ням-Осорын Учрал хэмээх эл залуу улстөрчийн карьерынхаа хамгийн оргил цэг болж мэдэх бас нэгэн сонголтын өмнө тулж ирсэн нь МАН-ын ХХХI Их хурлаас гарах шийдвэр байх нь. Учир нь, энэ удаагийн Их хурлаар МАН дараагийн буюу шинэ даргаа тодруулна. Онцлог нь, Бага хурлын үеэр МАН-ын даргад өрсөлдсөний дараагаас улс төрд гал өрдөж, бараг голын хоёр талд гараад суусан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар энэ удаад дахин тайзан дээр гарч, тамганы төлөө өрсөлдөхгүй. Улс төр, нийгмийн хүрээнээс байсхийгээд нэрийг нь шидэх болсон сайд Ж.Энхбаяр, хотын дарга Х.Нямбаатар хоёр ч МАН-ын удирдлага руу зүтгэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Үндсэндээ намынхаа дотоод хагарлыг зогсоож, эв нэгдлийг хангах, эцсийн дүндээ улс орны язгуур эрх ашгийг улс төрөөс дээгүүр тавихгүйгээ мэдэгдсэн эдгээр хүний байр суурь ганцхан зүйл рүү чиглүүлж буй нь МАН-ын даргаар залуу үеийн шинэ төлөөлөл сонгогдох нь тодорхой уншигдаж байна. Түүнд тохирох дүр нь Тэргүүн Шадар сайд Н.Учрал байх магадлал нь хамгийн өндөр. Өөрөө бол “Зөв газраа, зөв цагтаа байр сууриа илэрхийлэх нь зохимжтой байх” гэсэн байна лээ. Тэр нь өнөөдөр хуралдах МАН-ын Их хурлыг хэлсэн нь ойлгомжтой.
Хэрвээ, хэрэвзээ шүү, Н.Учралын хэлсэнчлэн зөв газраа, зөв цагтаа буюу Их хурлынхаа индрээс МАН-ын даргад нэр дэвшихээ зарлаж, төлөөлөгчид нь түүний саналыг ёсоор болговол Монголын улс төрд ямар уур амьсгал бүрдэж, үйл явдал өрнөх вэ гэдэг нь мэдээж сонирхолтой, бас хүлээлт үүсгэх сэдэв. Урьдчилж таамагласнаар Н.Учралаас хүлээх ганцхан шалтгаан бий нь МАН-ыг “Шилэн нам” болгож чадах уу гэх асуулт. УИХ-ын гишүүн болсон эхний бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр Цахим бодлогын Түр хороог ахалж асан бол удаах дөрвөн жилдээ Байнгын хороо, яамных нь сайдаар ажилласныг дээр өгүүлсэн.
Нэг ёсондоо Монгол Улс цахим үндэстэн болох, технологийн үсрэнгүй хөгжлийн боломжоос хүртэх, бүр зэрэгцэж алхах эхлэлийг тавьж, суурийг нь цутгасан гэдгээрээ МАН-ын даргын тамга атгасан даруйдаа намынхаа үйл ажиллагааг “шилэн” болгох уу гэдэг нь гишүүд, дэмжигчид төдийгүй нийгэмд үүсэх хамгийн том хүлээлт.
Угаас улс төрийн намууд “шилэн”, сонгуулийн санхүүжилтийг ил тод болгож чадвал системийн авлига тасарна. Намууд нь өөрсдөө санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай явж ирсэн сонгуулийн тогтолцоо ч тунлагашиж, цэвэршинэ. Улс төр дагасан авлигын асуудлын гор нь, бодит үл нөлөө нь Монгол Улсын авлигын индексийг ухрааж үндсэн үзүүлэлт. Тэгэхээр нам өөрөө хэдий “шилэн” байж чадна, төдий чинээ төр, иргэнийг холбох гүүр болно. Монгол Улс парламентын засаглалтай. Түүнийгээ сонгодог хэлбэр рүү шилжүүлэх гэж “Эцэг хууль”-даа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэндээ л хичээж буй ч улс төрийн намуудаа “шилэн”, нээлттэй ил тод болгохгүйгээр өвснөөс зүй хайхтай агаар нэг болж бууна.
Гагцхүү Монгол Төрийн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн эрхэнд суугаа МАН-ынхан бусад улс төрийн нам, хүчнээс түрүүлж “Шилэн” болох чиглэл рүүгээ явж түүчээлэх нь өөрсдөд нь ч, нийт монголчуудад ч хэрэгтэй. Харин түүнийг дотроосоо эхлүүлж, дээрээсээ, дарга, удирдлагын түвшинд хийж, хэрэгжүүлэх нь цаг хугацааны л асуудал. Яг энэ агуулгаар Н.Учрал МАН-ын дарга болсон тохиолдолд хамгийн сайн тохирох дүр болох нь.
С.Сүлд