П.Сайнзориг: Асралт гэр бүл хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон харилцааг зохицуулах нарийвчилсан зохицуулалт алга

Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн асуудал нь Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулсантай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу бий болох мэргэжилтэн бөгөөд  энэ шинжээч гэр бүл цуцлахтай холбоотой асуудал дээр гэр бүлийн нөхцөл байдлыг судлаад, шүүхийн бүтцэд ажиллан гэр бүл цуцлах үйл явц дунд хүүхдийн эрх ашгийг тэргүүн зэрэгт хамгаалах үүргийг хүлээх зохицуулалттай гэв. Шүүхийн ерөнхий зөвлөл болон гэр бүл, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ төрлийн хүний нөөцийг бэлтгэх үүрэг хүлээдэг хэмээн хариулсан. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ өгч тодорхойлолт гаргуулсан байх бол ДНХ-ийн удам зүйн шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх зохицуулалтыг тусгасан байна. Холбогдох зардлыг өөрсдөө төлөх үүрэгтэй гэв. Ийнхүү төрөөс сургалт, шинжилгээ шаардах нь нэг төрлийн бизнесийг төрөөс бодлогоор дэмжиж байгаа хэлбэр хэмээн үзэж буйгаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлээд, өргөн дэлгэр газар нутагтай манай улсын хувьд аливаа төрлийн шинжилгээ, сургалтыг шаардах нь, гэрлэлтээ цуцлуулах явц зэрэг нь иргэдэд ихээхэн дарамт үүсгэх эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа тайлбарласан. П.Сайнзориг гишүүн ургийн овгийг нэг удаа улс даяар шинэчлэн тогтоох арга хэмжээг өрнүүлэх санал хэлээд тодруулан тайлбарлав.

Иргэний улсын бүртгэлийн хуулийн зохицуулалтаар иргэн нэг удаа ургийн овгоо  өөрчлөх эрхтэй байдгийг ажлын хэсгээс тайлбарлаад энэ зохицуулалтын хүрээнд ургийн овгоо цэгцлэх боломж бий гэж үзээд, хуулийн төслүүдэд энэ талаар ямар нэг зохицуулалт тусгаагүй гэв. Түүнчлэн гишүүний тодруулсны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний нэг төсөл болох эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж буй гэр бүл (Foster family/асралт гэр бүл)–ийн харилцааг хуульчлахаар төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсэг танилцуулсан. Уг харилцааг гэрээгээр зохицуулах, асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа хүүхдийн эд хөрөнгийг  зарцуулах, хамгаалах, тэтгэмж, тэтгэлэг түүнтэй адилтгах орлогыг зарцуулалтад хяналт тавих зэргийг энэхүү хуулийн төслөөр зохицуулахаар тусгасан бөгөөд бусад нарийвчилсан зохицуулалтууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хэрэгжихээр тусгажээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эхлээд төрөл садны асаргаанд гэр бүлийн орчинд шилжүүлэх, боломжгүй гэж үзвэл асралт гэр бүл, бүр боломжгүй тохиолдолд асрамж халамжийн газарт харьяалуулан үйлчилгээ үзүүлэхээр заасан байгаа гэлээ. Асралт гэр бүл хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон харилцааг зохицуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг П.Сайнзориг гишүүн онцолж байв.

НҮБ-аас 2015 онд Монгол Улсад Засгийн газарт өгсөн зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, гэр бүлийн асуудал, нийгмийн оролцооны асуудлын талаарх 37 зөвлөмж байгааг Х.Баасанжаргал гишүүн сануулаад, эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан эсэхийг лавласан. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтуудыг ялган тусгах, тухай бүрд тохирсон зохицуулалтыг тусгаж тэдгээрийн эрхийг хангах, хөгжлийн ялгаатай байдлаас үүдэн ялгаварлан гадуурхагдах эрсдэлийг бууруулах шаардлагатай байгааг хэлж байсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, халамжилж байгаа тохиолдлын онцлог байдалд тохируулан зардал, тэтгэлгийн асуудлыг ялгамжтайгаар зохицуулж байгаа эсэхийг лавлаж, хариулт авсан. Мөн тэрбээр дотуур байрны талаарх асуудлыг хөндөж, гэр бүлийн олон янз байдлын талаар төсөлд хэрхэн тусгасныг тодруулж байсан юм.