С.Бямбацогт: Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал
Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, О.Саранчулуун нар индрээс үг хэллээ.
Улсын баруун хязгаарт аж төрдөг тува, үзэмчин гээд олон ястны нүүдлийн соёлтой холбоотой газар, усны нэрийг өөрийнхөө хэлний аялга, хэллэгээр нэрлэсээр явцдаа өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдэг тайлбарыг жишээ дурдан Б.Бейсен гишүүн хэлээд, тухайн нутаг орны ахмадуудаас зарим газар нутгийн зөв нэрийг тодруулж, санал аван төсөлд тусгах нь зөв гэдэг саналаа илэрхийллээ. Зарим газар усны нэрийг хэт утгачилж орчуулаад, нэн ойлгомжгүй байдал үүсгэх вий гэдгээс мөн сэрэмжлэх шаардлагатайг тэмдэглэж байв. Үүний зэрэгцээ Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж, байр суурь илэрхийлсэн. О.Саранчулуун гишүүн Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын талаар, уг асуудлыг хүний эрхийн асуудалтай хаягаа уялдуулах шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Улаанбаатар хотын гудамж, талбай, байшин барилгын хаяг буруу, Монгол хэлний тухай хуулийг үл хэрэгссэн байдаг зөрчлийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт цохоод “Оноосон нэрийн, хаягжилтын асуудал маш чухал. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай холбоотой энэ асуудлын хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн санууллаа.