"Зах зээлийн 13 орныг түвшнээр нь эрэмбэлэн тодорхойлсон"

Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл дэгийн дагуу ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус зорилгоор үүсгэн байгуулсан.

 

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь нийт 891 гишүүнтэй. Зургаан аймаг, нийслэл дэх 3100 аж ахуйн нэгжийг хамарсан гишүүнчлэлтэйгээр хүрээгээ тэлж байгаа тус холбоо дэргэдээ Ажлын албатай. Одоогоор 13 салбар холбоог үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээл зэргээр төрөлжүүлэн байгуулаад байна. Энэ салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь жуулчдын сонирхолд Монголын талаар буруу, ташаа ойлголт, төсөөлөл хэмээн тус холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл танилцууллаа.

Уг холбоо Монгол оронд аялахтай холбоотой сэтгэл ханамжийн судалгааг 12 мянган жуулчнаас авч тандахад, өвөл хүйтэн, дэд бүтэц хөгжөөгүй, замын нөхцөл хүнд, дотоодын нислэгийн хүртээмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдал, чанарт итгэдэггүй, бие даан аялах боломж тааруу, тухайн улсаас шууд нислэггүй зэрэг саад бэрхшээлийг дурдсан гэв. Цаашид аялал жуулчлалын салбарын голлох зах зээлийн 13 орныг түвшнээр нь эрэмбэлэн тодорхойлсон тухай мэдээллээ.

 

Харин Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч С.Баясгалан, зөвхөн урин дулааны улиралд бизнес эрхэлдэг энэ салбарт Засгийн газрын санхүүжилтээс гадна бусад олон улсын байгууллага болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ их байгаа. Гэтэл бизнес дэмжих хөнгөлөлттэй зээлийг олгож дууссан гэсэн хариуг арилжааны банкууд өгч байгаа нь зорилтот бүлэгтээ хүрч чадсан эсэхийг ил тод болгох хэрэгцээ үүссэн гэж үзнэ. Эрх тэгш,нээлттэй ил тод байх, зээл авсан аж ахуй нэгжүүдийг олон нийтэд зарлах, зээлийн үр дүнгээр санхүүжиж байгаа төслүүдийн үр дүнг ч гэсэн нээлттэй байлгах шаардлагатай гэсэн юм.

Мөн аялал жуулчлалын эрх зүйн орчны тодорхойгүй байдал нь салбарын хөгжлийг хойш татах нөхцөл үүсгэж байгаа. Энэ салбарыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахыг хүсье. Ялангуяа дэлхий дахинд үүссэн геополитикийн асуудлын сөрөг нөлөөг бууруулж, даван туулах бодлогын дэмжлэг хэрэгтэй гэлээ.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцыг илтгэв. Тэрбээр, Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өмнөх хуралдаанаар аялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жил зээлийн татаасыг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүдээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэний хариуд холбогдох яамдад албан тоот илгээж, үр дүн эхнээсээ гарч эхэлсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 180 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан ч гурвалсан гэрээ байгуулахад цаг алдсан учраас зээлийн санхүүжилт 250 тэрбум төгрөг болж өссөн. Одоогийн байдлаар арилжааны банканд 1053 аж ахуйн нэгжээс 2,303.63 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд байгаа нь төлөвлөснөөс 9.2 дахин их хэмжээ юм. Цаашид хөнгөлөлттэй зээлийг нэмж санхүүжүүлэх санал гаргасан хэмээн танилцуулав.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мэргэжлийн холбоод талцахгүйгээр хамтран ажиллавал илүү үр дүнтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг аялал жуулчлалын компаниудад ямар шалгуураар хөнгөлөлттэй зээл олгож байгаа явцын тухай, ялгаваргүй олгосон эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга мэргэжлийн холбоодоос дэд хороонд хандаж ямар хүсэлт байгааг тодрууллаа.

 


Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Яамны зүгээс аялал жуулчлалын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудтай хяналтын гэрээ байгуулсан. Тэр хүрээнд хяналтаа тавьж ажиллах болно хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл хариулсан юм.

 

Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын болон бизнес эрхлэгч, компаниудын төлөөллөөс Улсын Их Хурлын дэд хороонд хандаж, эх орноо сурталчилсан контент хийж дэмжих, зээлийг үргэлжлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах чиглэлд анхаарч, шалгалтуудыг цөөрүүлэхийг хүсэв. Мэдээллийг сонссоны дараа хуралдаан даргалагч Н.Батсүмбэрэл салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар, мөн шийдвэрлүүлэх асуудлаар санал, хүсэлтээ бичгээр өгвөл холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжлах, түргэн шуурхай арга хэмжээ авч, ажил хэрэг болгоход дөхөмтэйг уриаллаа.