Д.Энхтүвшин: Онцлогт нь тохируулсан зохицуулалтыг бүрэн тусгагдаагүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Энэ хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын зургаан гишүүн энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа. Манай улс 2015 оноос хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулах зарчмыг хуульчилж, холбогдох хууль, тогтоомжид тусгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагчид хамаарах зарим зохицуулалтыг хуулийн этгээдэд нэгэн адил хэрэглэхээр ерөнхийлөн тусгаж, харин онцлогт нь тохируулсан зохицуулалтыг бүрэн тусгагдаагүй гэж хууль санаачлагч нар үзсэн байна. Хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авахдаа эдийн засаг, нийгмийн бодит үр дагаврыг хуульд тодорхой тусгаж, хугацаа, журмын зохицуулалтыг оновчтой болгох үүднээс эдгээр таслан сэргийлэх арга хэмжээг авахад харгалзах нөхцөл, хугацаа зэргийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлт болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, хугацааг төсөлд хэрхэн тусгасан, мөн энэ талаарх олон улсын жишиг ямар байдаг, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор болон Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг мэргэжлийн байгууллагуудаас авсан санал, тэдгээрийг төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь дэмжлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуул зүйн байнгын хороонд шилжүүлэв.