Хоёр Байнгын хорооны даргыг сонголоо
Зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн.
Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг (дэлгэрэнгүйг эндээс) Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцуулав.
Байнгын хороодын санал, дүгнэлтэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Мэндбаярын Мандхайг, Хууль зүйн байнгын хорооны даргад Лхагвын Мөнхбаатарыг нэр дэвшүүлэхийг тус тус дэмжсэн гэсэн байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн батлагдсаны зэрэгцээ Малчны тухай хуулийн хэрэгжилтийн ерөнхий сонсгол, Усны тухай зэрэг зургаан удаагийн сонсгол, хэлэлцүүлгийг амжилттай хийхэд Б.Бейсен гишүүн эе эв нэгдлийг хичээн ажиллаж, Байнгын хорооны хуралдааны ирцийг өндөр байлгаж, амжилттай ажилласанд талархал илэрхийлэв.
Ингээд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77 хувь нь тус тус дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов.