Н.Учрал: Засгийн газрын эн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол саадыг арилгах, агаар оруулах, чөлөөлөх юм
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа байгуулан ажиллаж эхлээд 100 хонож буй өдрүүд энэ долоо хоногт тохиож байна. Ерөнхий сайд Н.Учрал нийслэл, дүүргийн анхан шатны албан хаагчидтай уулзаж “Чөлөөлье” үндэсний санаачилгын үр дүн болон энэ хугацаанд хийсэн ажил, Засгийн газрын шийдвэрийн талаар танилцууллаа.
Чөлөөлөлтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудын гол цөм нь ЭДИЙН ЗАСАГ-ЭРХЗҮЙН ШИНЭЧЛЭЛ болон хэрэгжиж байна. Тухайлбал, иргэн найман төрлийн 146 бизнесийг www.license.mn сайт, эсвэл гар утасныхаа аппаар шууд мэдэгдээд эхлүүлэх боломжтой болсон нь нэг жишээ.
“Зөвшөөрөл гэдэг нэртэй ч хориглолтын цааснууд, тохирол, гэрчилгээ, баталгаа гэх мэт зүсээ хувиргасан үй түмэн “чөдөр тушаа” бизнесийн орчныг хөдөлгөхгүй сааруулж байна. Миний, манай Засгийн газрын эн тэргүүнд авах ёстой арга хэмжээ бол энэ саадыг арилгах, агаар оруулах, чөлөөлөх юм” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Төрийн дарамт шахалтыг багасгах, дарамт шахалтгүй болох эрхзүйн орчныг бий болгохын тулд “БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛЬ” тэргүүтэй хуулиудыг УИХ-д өргөн барьж батлууллаа.
Нийслэлээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой 80 гаруй төрлийн зөвшөөрлийг цахим системээр олгох ажлыг зохион байгуулж байна. Зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж, төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлсэн. Мөн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж байна.
100 хоногийн ажлын тайлан-уулзалтын үеэр танилцуулагдсан зарим ажлуудаас товчлон хүргэвэл,
· Монгол Улсын Засгийн газар Рио Тинтотой хийсэн хэлэлцээрт амжилт гаргаж, Оюутолгой төслийн Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүллээ. Хэлэлцээрийн үр дүнд 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын тал хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүлэв.
· Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэн “Эрдэнэс Монгол” компанийг Чингис хаан баялгийн сан болгон шинэчлэн зохион байгуулав.
· Цаашид ашиггүй ажилладаг төрийн өмчит компани оршин тогтнохгүй байхыг хуульчиллаа. Мөн төрийн өмчит компанийг мэргэжлийн удирдлагаар хангана.
· Татварын өрийн улмаас дансаа хаалгасан 12,153 компанид итгэл үзүүлэн дансыг нь нээж, үйл ажиллагааг нь үргэлжүүлснээр 91 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ. Олон аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэв.
· Эрсдэл бага бизнесүүдийн үйл ажиллагааг “мэдэгдээд шууд эхлэх” горимд оруулснаар 739 аж ахуйн нэгж үүдээ нээжээ.
· Төрийн дарамт, давхардсан хяналт шалгалтуудыг цөөлж, төлөвлөгөөт 9,376 шалгалтыг цуцлав.
· Засгийн газар ахмадуудаа сонсож, тэтгэврийн шударга тогтолцоог бий болголоо. Тэтгэврийн зөрүү арилж, илүү олон жил ажилласан нь илүү тэтгэвэр авах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бий боллоо.
· Нийслэлийн захиргааны хуучин байрыг таван одтой зочид буудал биш Хүүхдийн ордон болгохоор шийдвэрлэлээ.
· Багш, эмч нарын цалингийн асуудлыг чөлөөлөв. Ингэснээр багш, эмч нар цалингийн нэмэгдэл, урамшууллыг нэмэгдсэн цалингаасаа тооцуулж байна.
· 33 МСҮТ -ийн менежментийг шилдэг 16 компанид шилжүүлж, ажиллах хүч ба боловсролын системийн уялдааг хангажээ. Оюутнууд нийгэмд хэрэгцээт мэргэжлээр суралцаж, төгсөөд шууд ажлын байртай болох боломж үүслээ.
· Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг чөлөөлөв.
· Нийслэлийн хуучин орон сууцны дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, шинэ орон сууцны орчин бүрдүүлэхээр төлөвлөж байна.
· Улаанбаатар–Замын-Үүд чиглэлд дөрвөн эгнээ хурдны замтай болно.
Эдийн засаг, эрхзүйн бус нийгэмд хандсан, ногоон хөгжлийг дэмжсэн, хүнд үйлдвэрүүдийг хөдөлгөсөн олон арван чөлөөлөлтийг 100 хоногт амжуулан хийсэн юм. Эдийн засгийн эрх чөлөө, ногоон хөгжил, авлигын эсрэг болон эрх зүйн шинэчлэлийг Засгийн газар цаашид ч тэргүүлэх чиглэл болгон ажиллана гэдгээ Ерөнхий сайд онцлон хэлэв.