Хомсдлоос тодорсон ҮНЭН!
Шатахууны хомсдол. Эл ойлголт Монголын нийгэмд өнөөдөр л бий болсон үзэгдэл биш. Аль 1990-ээд оны үед байсан, өнөөдөр ч байж л байна. Ялгаатай нь, өмнөх болон өнөөгийн үеийн нөхцөл байдал тэс ондоо. Гадаад, дотоод орчноос үүдэлтэй шалтгаан нь ч өөр. Гадаад талдаа дайнаас үүдэлтэй геополотикийн дахин хуваарилалт түүнийг дагасан хямралаас үүдэлтэй бол дотооддоо өнөөх л улс төрийн дажин улс орноор нь хязгаарлалт руу түлхэхээс өөр сонголтыг өгсөнгүй.
Үндсэндээ шатахууны хомсдол гол тодотголтой энэ удаагийн хямрал зүгээр ч нэг түлшний тасалдал байсангүй. Үе үеийн Монгол Төрийн эдийн засгийн тогтолцоо бараг шатахуунаас бүрэн хамаарахуйц хэмжээнд хүртлээ ялзарч, хэврэгшсэнийг харуулав. Гэдэг нь стратегийн гол бүтээгдэхүүн болсон шатахууны асуудалд үе үеийн Засгийн газар анхаарч ирсэн үү гэвэл тийм. Хангалттай сайн хэмжээнд биш ч хөнгөлөлттэй зээлээс эхлээд татвар тэглэх хүртэл “онцгой” урамшууллыг тухай бүрд нь шатахуун импортлогчдод үзүүлж, Төрийн хайр хишгээ хүртээж ирсэн түүхтэй.
Энэ хооронд хувийн хэвшлийнхэн эрэлт, нийлүүлэлтээ тогтвортой хангахаас бусдаар илүү том хэмжээнд “сэтгэж” чадсангүй. Бүр хэтэрсэнгүй. Угтаа бол ийм хэмжээний эрсдэлтэй байсхийгээд нүүр тулдаг Монгол Улсын шатахууны импортын гол судсыг атгацгааж байгаагийн хувьд хамгийн багадаа хоёроос гурван сарын нөөц бүрдүүлэх бэлтгэлээ базаах, агуулах саваа барих хангалттай хугацаа тэдэнд байсан уу, байлаа.
Гэвч саалиа л бэлдэх тухай ярьж ирснээс өөрөөр саваа огт бэлдээгүй 30 гаруй жил явж ирснээ Монголын Төр саяхнаас мэдлээ, бас мэдэрлээ, бүр мэдэрч байна. Авууштай нь түүнийгээ нууж, хаах замаар өмнөх Засгийн газруудынхаа жишгийг давтсангүй. Давтахыг ч хүссэнгүй. Эсрэгээрээ бодит байдлаа хүлээн зөвшөөрч, үнэнтэйгээ нүүр тулав. Угаас Монголын хамгийн том зовлон нь шатахуун мөн үү, мөн.
Гагцхүү энэ удаагийн хямралын цаанаас ганц гэхдээ бодит үнэн тодорсон нь шатахуун импортлогчид Төрийн дээр гараад суучихсан нь тодорхой болов. Хувийн хэвшлээ бодлогоор дэмжих нь, хууль эрх зүйн орчноор хангах нь, татварын таатай орчныг бүрдүүлэх нь ардчилсан Монгол Улсын Төрийн үүрэг ч стратегийн чухал бүтээгдэхүүний цусны эргэлтийг атгаж суудаг цөөн хэдэн компаниуд зөрүүлээд Засгийн газраа барьцаалдаг болох энэ өдрүүдэд илт мэдрэгдэв.
Бизнесийн зарчим гэхээсээ иргэдийн хэрэгцээнд дөрөөлж, Төрийг шантаажилж буйн илрэл. Арга барахдаа салбарын сайд шөнө оройн цагаар ШТС-уудаар явж шалгаж үзэхэд агуулахдаа нөөцтэй хэрнээ түгээлтээ зогсоосон далд монополуудын үнэн төрх дурайв. Ганцхан улсаас, ганцхан нийлүүлэгчээс хараат байдаг Монголын эдийн засгийн сул талаар далимдуулж дотоодын импортлогчид нь ингэж давуу эрх эдэлж байгаа нь үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж буйгаас өөрцгүй.
Нөгөөтэйгүүр, нийлүүлэлт тасрах бүрд гал унтраах замаар тэдэнтэй гарч барьж ирсэн Монголын Төр “бугуй”-гаа бариулахаас наагуур ацан шалаанд зогсож байгаа нь энэ. Ямар ч байсан шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, “Шуурхай штаб”-ын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг сайд Г.Дамдинням албаныханд үүрэг болгов. Ярих нэг өөр, хийх бүр өөр. Салбарын сайдын өгсөн үүрэг хэрхэн албажиж ажил хэрэг болох нь энэ өдрүүдэд тодорхой болно. Шатахууны урт цуваа хэрхэн багасч, хэзээнээс хэвийн хэмжээнд шилжихээс харагдана.
Гэхдээ шатахууны хомсдлоос тодорсон хамгийн том үнэн нь манай улс дотоодын боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулж, нөөц болон импортын эх үүсвэрээ олон сувагтай болгохгүй бол хэзээ ч энэ тойргоос гарч чадахгүй гэдгийг Төр нь ч, иргэд нь ч хангалттай мэдэрлээ.
Өөрөөр хэлбэл, дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай барьж дуусгах, импортын сувгаа олон талт болгох нь манай улсын хувьд сонголт биш, үндэсний аюулгүй байдлын тулгуур асуудал гэдгийг шатахууны хомсдол алхам тутамд сануулж эхэллээ. Нэг улсаас болон ганцхан компаниас үнэмлэхүй хамааралтай байх нь гадаад зах зээлийн өөрчлөлт, тээвэр логистикийн жижиг сааталд ч эдийн засгаа бүхэлд нь барьцаалахад хүргэж байна.
Ямартай ч, ийм байдал дахиж гаргавал, зориудаар хомсдол үүсгэвэл тусгай зөвшөөрөлтэй нь ярихаа мэдэгдсэнээрээ Г.Дамдинням өмнөх сайд нараасаа ялгаатай байлаа. Нэг ёсондоо хангалттай дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж ирсэн тэднийг зохих ёсны үүрэг хариуцлагаа ухамсарлахыг сануулсан нь зүй.
Эцсийн дүндээ стратегийн төслүүдээ цаг алдалгүй урагшлуулахгүй л юм бол нийгмийн айдаст автсан зохиомол эрэлт үүсгэх нь хомсдлыг улам даамжруулдаг гашуун сургамжийг шатахуунаар зогсохгүй давтсаар байх томоохон сигналыг энэ удаагийн хомсдол санууллаа. Юу үнэн, энэ үнэн.
С.Сүлд