П.Сайнзориг: Өв уламжлал, зан заншлыг дээдлэх үндэсний ухамсар сайжирна
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүний санаачлан, өрөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой тохиох жилүүдэд 1024 бөх барилдуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байхаар тусгасан байна. Мөн хуульд “аймгийн харцага” цол олгох асуудал орхигдсон нэмэхээр заажээ
Хууль санаачлагчдыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг илтгэлдээ, хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг дээдлэх үндэсний ухамсар сайжирна гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хууль санаачлагчдын илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, С.Эрдэнэбат, Ц.Туваан, Р.Эрдэнэбүрэн, Ө.Шижир нар асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүний дотор ахмад бөхчүүдийн цолыг нөхөн олгох зохицуулалтыг дэмжиж, тэдний тамирчдын хүч хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэх нь зэв гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир Үндэсний их баяр наадмын үндэсний спортын төрлүүд дотроос зөвхөн бөхийн барилдаан, түүний тоо, цол чимгийн асуудлыг дангаар шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтайг шүүмжилсэн юм.