Х.Нямбаатар: Биднийг ажил авахад давсыг портер дээрээс хүрзээр цацдаг байсан шүү
С.Бямбацогт: Эцэг, эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэнэ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан энэ оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн байна. Хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулийн нэг нь 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хууль боловч тус хууль нь гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахгүй, хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс практикт гэр бүлийн харилцааны олон асуудал гарахад хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгааг илтгэлд дурдсан. Гэр бүлийн гишүүдийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалт, гэрлэлтийн гэрээ, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах нөхцөл, хүйс солиулах нь гэрлэлтэд ямар үр дагавар үүсгэх, хамтын тээгч эхээр хүүхэд тээлгэх зохиомлоор үр суулгах нь гэр бүл өв залгамжлалын эрх зүйгээр хэрхэн зохицуулах гэх зэрэг шинэ тутам тулгамдаж буй асуудлуудыг өдгөө хэрэгжиж буй хууль бүрэн зохицуулж чадахгүй байгаа гэв. Иймээс хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан байна.
Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна.
Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлт дуусгавар болсноос тусдаа амьдрах болсон эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.
Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгасан гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгасан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.
Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулсныг С.Бямбацогт сайд танилцууллаа.