Х.Нямбаатар: Иргэдийг албадахгүй, харин сонголт өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь  Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэв. Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттайгаар холбох аж. Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолжээ. Танилцуулгатай холбогдуулж штабын гишүүд дулаалгын аян өрнүүлэх,  дулаалгийн шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгүүцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн, санал солилцлоо.