Л.Оюун-Эрдэнэ ам нээсний учиг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэвлэлд ярилцлага өгчээ. УИХ-ын сонгуулийг бүсчилсэн тойргоор тэгэхдээ холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлснээс, Хамтарсан Засгийн газрыг байгуулснаас хойш анх удаагаа өгсөн бүрэн хэмжээний ярилцлага нь. Засгийн газрын ээлжит хуралдаан, дотоод, гадаадын форум, зөвлөгөөн, албан болон ажлын айлчлалын үеэр хэвлэл мэдээлэл, олон нийтийн өмнө гарч ирдгээс бусдаар Ерөнхий сайд гэдэг нэг талаараа “хаалт”-тай, нөгөө талаар тэр бүр ил гараад байдаггүй албан тушаал. Зарчим, зангараг нь ч тийм. Угаас эрхэлсэн сайд нарт нь хамаарах асуудал болгоныг шүүрч аваад ойр, ойрхон мэдээлэл, мэдэгдэл хийх нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хийх ажил биш. Тэр хэрээрээ жижиг харагдана. Харин энэ удаад 

Гагцхүү парламентад суудалтай АН, ХҮН-ыг танхимдаа урьж, Хамтарсан Засгийн газрыг байгуулснаас яг найман сарын дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга хэвлэлд илэн далангүй ам нээсэн нь улс төр, нийгмийн хүрээнд хэд хэдэн хариулт өгөх шиг боллоо. Нэгдүгээрт, тэр АН, ХҮН-ын төлөөллийг Засгийн газартаа зориуд урьж, ажиллуулж буй шалтгаанаа “Төлөх л ёстой үнэ цэн” гэжээ. Үүнийгээ “Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн” хэмээн тайлбарлажээ. 

Хоёрдугаарт, хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, төсвийн орон зайг тэдэнд шилжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлэх Засгийн газрын бодлого хэвээрээ буйг хэлсэн байна. Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэсэн үг. Харин нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь Төрийн хүнд сурталд нухлуулдаг байдалтай эвлэрэхгүй гэдгийг Ерөнхий сайдын хувиар онцолжээ. Үндсэндээ зарим нь Төрөөс илүү мэдээлэлтэй, өөр хэсэг нь хүсээд ч авч чадахгүй нөхдөлд бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүйг тодотгожээ. 

Харин “MCS” гэдэг компанитай санал зөрсөн зүйл үгүй. Ганцхан “Ухаа худаг” гэсэн стратегийн орд тойрсон асуудал бийг, УИХ-аар оруулж цаг алдалгүй шийдэл гаргах ёстойг сэтгүүлчид учирласан байна. 

Ерөнхийдөө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нартай түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон гэдгийг онцолсон нь Ерөнхий сайдын ярилцлагаараа дамжуулж нийгэмд өгсөн бас нэгэн мессеж байв. Нэг үгээр, Г.Занданшатарыг УИХ-ын, Д.Амарбаясгаланг Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ахуйд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар улс төрийн манлайлал үзүүлж, АН, ХҮН-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн түүхтэй. Үүгээрээ тэд өнөөдрийн 126 гишүүн бүхий нийгмийн шинэ тогтолцооны тулгын чулууг тавилцсан гэдгээрээ маргаагүй нэг завинд суусан нь үнэн.

Эл өөрчлөлт зөв байсан эсэхийг тэдний өнөөдрийн хамтрал, хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. Тэр хэрээрээ маш том хариуцлага шаардах нь мэдээж. Ямартай ч хил холболтын төмөр зам, уран, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын араас Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын УЦС, нэмээд хийн хоолойн бүтээн байгуулалтыг хөдөлгөхөө Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөнхийн хөрш гэдэг түүхийн аль ч мөчлөгт мөнхийн хөршөөрөө үлдэнэ. Улсаа үүрээд нүүж чадахгүйгээс хойш аль болох эв түнжинтэй, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах нь зүй. 

Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх “Эдийн засгийн коридор” буюу гурван улсын төсөл болох хийн хоолой, төмөр замын баруун зүүн коридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас нэгэн агуулга болгож дайжээ. Эцэст нь “Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ Төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай” гэсэн нь Ерөнхий сайд, Засгийн газар одоогийн хэрэгжүүлж буй бодлого, байр сууриасаа ухарч, няцахгүй гэсэн “Боловсон сануулга” болов уу.

Г.Эрхэс