С.Амарсайхан: Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу байгалийн хий авах гаргалгааг тусгасан
"700 мянга гаруй иргэн 115 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн"
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүд улсын хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн төсөв зэрэг баримт бичгүүдийг хэлэлцэн батлахдаа хоорондын уялдаа холбоог анхаарах хэрэгтэй байна гэх зэрэг гишүүд өөрсдөө хариуцлагатай байх талаар саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн П.Батчимэг, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлогын хэрэгжилт 70 хувьтай гарсан байна. Энэ зорилт хэрхэн хэрэгжсэн вэ, татварын шинэчлэлийг хийхэд олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгаж буй талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, татварын шинэчлэлийн асуудлаар орон даяар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Татварын шинэчлэлийн талаар 11 мянган иргэнээс 170 мянган санал ирсэн. Татварын хувь хэмжээг бууруулах зөв гэсэн саналыг 57 хувь нь, хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэгдүүлэх саналыг 17 хувь нь, татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг 15 хувь нь өгчээ. Эдгээр саналд үндэслэн татварын шинэчлэлийн асуудлаар хуульд өөрчлөлт оруулж, өргөн барихаар ажиллаж байна. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.1-д заасан хөнгөлөлт нь бага, дунд орлоготой иргэдийг дэмжих зорилгоор хэрэгжиж байна. Цалингийн орлоготой иргэдийн татварын ачааллыг энэ хуулийн дагуу 5 хүртэл хувиар бууруулан хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтөд 2023 оны жилийн эцсийн байдлаар 700 мянга гаруй иргэн хамрагдаж, 115 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох Засгийн газрын гишүүд бүрдээгүй учир чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, ирэх даваа гарагийн өглөө хуралдаж, асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.




