“Сэлбэ 20 минутын хот” төсөлд 831 инженер ажиллаж байна
Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ хотын бүтээн байгуулалтын талбарт 831 инженер техникийн ажилтнууд болон мэргэжлийн ажилчид 53 машин механизмтайгаар төлөвлөгөөт ажлуудаа гүйцэтгэж байна.
Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина. Сэлбэ хот нь орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд 10 мянга гаруй түр ажлын байр бий болгож, улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах юм.
