Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
“Авлигын эсрэг түншлэл” 2025 оны дэлхийн форумд оролцож байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй “Авлигын эсрэг түншлэл” 2025 оны дэлхийн форумд оролцож байна.
Дэлхийн банк группын "Авлигатай тэмцэх дэлхийн хөгжлийн хөтөлбөр" (AC4D) болон “Олон улсын авлигын эсрэг ангуучдын холбоо” (ICHA) хамтран зохион байгуулах уг форумдаа авлигатай тэмцэх, шударга ёсыг сахиулах чиглэлээр амжилттай ажиллаж буй улс орны Засгийн газар, авлигатай тэмцэх байгууллага, шинжлэх ухаан, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн хөтөлбөрийн 300 гаруй удирдагч, төлөөлөгчийг урьж оролцууллаа.
“Авлигын эсрэг түншлэл” 2025 оны дэлхийн чуулга уулзалт нь авлигатай хамтран тэмцэхэд түншлэлийн ач холбогдлын талаар хэд хэдэн томоохон илтгэл хэлэлцүүлэх бөгөөд “Авлигатай тэмцэхэд албан тушаалтны үүрэг”, “Ашиг хүртэгчийн ил тод байдал ба хууль бус санхүүгийн урсгалтай тэмцэх”, “Төр ба авлига”, “Шударга байдлыг дагаж мөрдөх зохицуулалтын арга”, “Хариуцлага ба шударга экосистемийг бүрдүүлэхэд түншлэлийн үүрэг”, “Авлигатай тэмцэхэд улс орнуудад туслах нь”, “Авлигатай тэмцэх хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр нэгдсэн болон салбар хуралдаан зохион байгуулагдана.
Авлигын нийгэм, байгаль орчинд үзүүлэх хор уршгийг таслан зогсоохын тулд Дэлхийн банк групп нь шинэ мэдлэг, мэдээлэл, арга хэрэгсэл, түншлэлийг дайчлан үр дүнд анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор илүү интеграцчилсан арга барилыг хэрэгжүүлэхээр болжээ. “Дэлхийн улс орнуудын эдийн засгийн урт хугацааны өсөлт, хамтын хөгжил цэцэглэлтэд саад учруулж байгаа авлигын сөрөг нөлөөллийг арилгахын төлөө хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна” гэж Дэлхийн банк группын Шударга байдлын дэд ерөнхийлөгч Моухамаду Диагне нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
Форумын үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Дэлхийн банк группийн Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн Мөрдөн байцаах албаны менежер Самуэл Бвана, Зүүн Африкийн бүсийн багийн ахлагч Ричейлиу Ломакс, Зүүн Ази, Номхон далайн бүсийн багийн ахлагч Жиан Пиеро Антоназо, Зүүн Ази, Номхон далайн бүсийн багийн ахлагч асан Нодир Закиров, Зүүн Ази ба Африкийн бүсийн багийн ахлагч Ричелие Ломакс, Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах мөрдөн байцаагч Суан Луо нартай албан уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар болон Дэлхийн банкны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах, хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах, албан тушаалтны ХОМ-ийг бүртгэх, хянан шалгах, үндэслэлгүй хөрөнгөжихтэй тэмцэх чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирснийг хоёр тал сайшаан дүгнэв.
Дэлхийн банк группийн Шударга байдлын дэд ерөнхийлөгчийн Мөрдөн байцаах албаны менежер Самуэл Бвана Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарын мэргэжлийн ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэн, цаашид үндэстэн дамнасан авлига, санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах албан хаагчдыг мэргэшүүлэх, харилцан туршлага судлах зэрэг тодорхой чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.




