Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөллөө
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулна
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сарын 28-нд байгуулсан. Тодруулбал, тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 66 дугаар тушаал, А/394 дүгээр захирамжаар байгуулсан юм. Уг ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр НЗДТГ-ын байранд боллоо. Ажлын хэсгийн хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд танхим болон онлайн хосолсон хэлбэрээр оролцлоо.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Хүннү хотын хот төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын уралдааны ажлын даалгаварт гишүүд санал өгч хугацааг тодорхойлох, уралдааныг www.hunnucity.mn хаягаар нээлттэй мэдээлж, олон улсын түвшинд чанартай зохион байгуулж, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж, дараагийн хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын баримт бичиг боловсруулах олон улсын уралдаант шалгаруулалт нь Монгол Улсын түүхэн өв, тогтвортой хөгжлийн зарчмыг орчин үеийн инновацтай хослуулсан дэлхийн жишигт нийцэх ухаалаг хотыг бий болгох эхний алхам” хэмээн тодотголоо.
Энэхүү олон улсын уралдаанаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, аюулгүй, тогтвортой усны нөөц бүхий Хүннү хотыг төлөвлөхөд дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн оюун санаа, бүтээлч санаачилгыг нэгтгэх зорилготой юм.




