Хангайн бүсээс тунхагласан Хөгжлийн чимээ!
Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Улаанбаатар хот есөн дүүрэг, 217 хороотой. Нийт хүн амын тал нь хотод, үлдсэн нь хөдөөд амьдардаг. Нэгдсэн нэг төсөвтэй, түүнийхээ хүрээнд захиран зарцуулалт, хөрөнгө оруулалтаа хийдэг. Хуулийн үйлчлэл, хүн амын оршин суугаа байдлын товчхон бөгөөд тодорхой зураглал нэг иймэрхүү. Гэвч нийгмээрээ урагшлах урт хугацааны хөгжлийн бодлогыг зүг чигээ болгохоос илүүтэй тойрог шүтсэн тогтолцооны эрх ашгийн сүүдэрт Монгол Улс дарагдсаар даруй 30 жил өнгөрчээ.
Уг нь “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гэх тогтоолыг УИХ-аас баталж, хэрэгжүүлэхээр болсон он цаг нь 2001 он. Үндсэндээ хот, хөдөө, аймаг, сум гэж ялгахгүйгээр бүсчилсэн хөгжлийн “газрын зураг”-аа аль 20 жилийн өмнө тодорхойлсон ч бодит үр дүнд хүрээгүй хэрэг. Шалтгаан нь тодорхой, өнөө маргаашаа аргацаасан жалганы улс төрөөс үүдэлтэй. Үүнийг өөрчлөхгүйгээр, сэтгэхүйндээ салхи оруулахаар мянга сайхан шийдвэр гаргаад тунхаг төдий байдгийн бодит баталгаа нь 2001 оны УИХ-ын 57 дугаар тогтоол.
Гагцхүү 20 он дамнан цаасан дээрээ “өвгөрсөн” тогтоолыг сууриар нь өөрчилж, УИХ-аар дахин батлуулсан нь ердөө жилийн өмнөхөн. УИХ-ын сонгуулийн тогтолцоог ч Бүсчилсэн 13 тойрогт хуваарилж 78-ыг нь тэндээс, 48-ыг нь намын жагсаалтаас сонгосон нь өнөөгийн 126 гишүүнтэй анхны парламент. Үндсэндээ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” бүхий гурван намын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын тогтоолын хүрээнд Засгийн газрын ирэх гурван жилд хийж, хэрэгжүүлэх бодлогын цөм нь бүсчилсэн хөгжлийн загвар гэсэн үг. Үүгээр бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдэж, аймаг хоорондын харилцааг илүү ойртуулж, хамтарч хөгжүүлэхээр тусгасан. Тэдгээр нь Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс. Үүнээс “Уламжлалт мал, аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” нь Хангайн буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн гурван аймаг дамнасан хөгжлийн зураглалыг хэрхэн тодорхойлохоо Бүсчилсэн хөгжлийн анхдугаар хуралдааны үеэр Засгийн газраас зарлалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн онцолсноор Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргана гэжээ. Улмаар Хангайн бүсийн гурван аймагт барьж буй ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буйгаа хэлсэн байна.
Засгийн тэргүүний тодотгосноор Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Цаашлаад нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна.
Үүгээр зогсохгүй Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулахыг үүрэг болгожээ.
Харин хуралдаанд оролцогчдын зүгээс Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг гаргасан байна. Эдгээрийг эцсийн байдлаар нэгтгэснээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргах юм.
Гурван аймаг дамнасан Хангайн бүс нь 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүч бий ч хүний хөгжлийн индекс нь 0.74 хувьтай байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлдэг аж. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэйгээс ганда дундаж цалин 1.4 сая төгрөг байна. Тиймээс уламжлалт мал, аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс бүхий аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгойлж дэмжихээ Ерөнхий сайд учирлажээ.
Мөн Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, Хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгасан байна.
Ийнхүү 2001 онд баталсан ч 20 жилийн турш огт хэрэгжээгүй, хэрэгжүүлэхийг ч хүсээгүй явж ирсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг энэ Засгийн өнгөн дээр бодит ажил хэрэг болгох шийдлийг Хангайн бүсээс эхлүүллээ. Өнгөрсөнд зөвхөн өөрийн тойрог, аймаг, сумдын хэмжээнд сэтгэж, хумсын чинээ хөрөнгө оруулалт цацаж ирсэн байдлыг халж, бүсчилсэн хөгжлийг тулах цэгээ болгохоор зорьж буй нь мэдээж ухралт биш үсрэлт. Том зургаараа Монгол Улсын хөгжилд дэмтэй учраас.
С.Сүлд






