П.Сайнзориг: Тодруулах зүйлүүд байвал холбогдох заалтыг тусгах байдлаар шийдэх боломжтой
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль зүй, эдийн засаг, нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтээр .“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн “…шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тухайлан дурдаагүй гэлээ. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болохоор, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нар асуулт асууж, ажлын хэсгийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авахын зэрэгцээ төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь ажлын хэсгийн саналаар санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг хэлэлцэв. Дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг нар асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт авсан юм. Үндсэн хуулийг баталж, мөрдсөнөөс хойших 33 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар хүсэлт гаргаж байгаа анхны тохиолдол гэдгийг тэмдэглээд, жишиг болохуйц энэ төрлийн маргаанд нөлөөлөх улс төрийн болон эрх зүйн үр дагаварыг нь тооцож, нухацтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурал хүсэлт гаргаад, тухайн хүсэлттэй холбогдуулан Цэц шийдвэрээ гаргавал өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэн харах боломж байгаа хэмээн Х.Тэмүүжин гишүүн хэллээ. Улсын Их Хурал хуулийг өөрчилж болох ч Цэц өмнө нь гаргасан байгаа магадлалаа эргэж харах эрхгүй болох учраас боломжит шийдэл нь энэ хэмээн үзэж буйгаа тайлбарлав. Цэцээс гаргасан тухайн магадлалтай холбоотойгоор шүүх дээрх маргаан үргэлжлэх тул эрх мэдэл хуваарилалт, парламентат ёс, Үндсэн хуулийн байгууллаа хамгаалах, бэхжүүлэх үүднээс энэ хувилбараар шийдэх нь оновчтой хэмээн хэлсэн. Шүүхэд парламентыг дуудах нь тогтолцооны гажуудал үүсгэх эрсдэлтэй талаар тайлбарлаж байв.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдох заалтыг нь хасах, хүчингүй болгох хуулийн төслийг санаачилж, Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн харьяалал, шүүхийн харьяалалтай холбогдох зохицуулалтад тодруулах зүйлүүд байвал холбогдох заалтыг тусгах байдлаар шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлсэн.
Гишүүний саналтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Улсын Их Хурлаас Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна” хэмээн заасан байгаа бөгөөд дэмжлэг авсан тохиолдолд Цэцэд хандах эрх хуулийн дагуу нээлттэй гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хэлэв. Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Х.Тэмүүжин гишүүний саналыг хэлэлцээд, үндэслэлийг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэв. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин горимын санал гаргав. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах Х.Тэмүүжин гишүүний саналыг дэмжсэн юм.






