Задгай спорт цогцолборын барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд задгай спорт цогцолбор барих ажил үргэлжилж байна. Уг цогцолбор нь 500 хүний суудалтай бөгөөд хөл бөмбөгийн стандарт талбай, 6 эгнээ гүйлтийн зам, 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай, газрын теннис, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий цогцолбор болох юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй уг ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа залуучууд их. Тиймээс залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулж залуучуудыг хөгжүүлэх зорилгоор 2021 онд газар чөлөөлж, энэ ажлыг эхлүүлж байсан. Өнөөдөр спорт цогцолборын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цогцолбор ашиглалтад орсноор дан ганц Толгойт, Сонгинохайрханы залуучууд биш Улаанбаатар хот иж бүрэн спорт цогцолбортой болох юм. Энэ талбай дээр дараа үеийн олон шилдэг тамирчид бэлтгэлээ хийж, спортын гараагаа эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Улаанбаатар хотод баригдаж буй хоёр дахь том цогцолбор болж байна. Уг цогцолборт хөл бөмбөг болон хөнгөн атлетикийн олон улсын болон бүсийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Мөн тэмцээн, уралдаан зохион байгуулах, тэмцээнд оролцож буй тамирчдын ая тухыг бүрэн хангасан ариун цэврийн байгууламж, хувцас солих өрөө, хурлын танхим зэргээр иж бүрэн шийдсэн” гэдгийг онцолж байсан юм.



