Т.Мөнхсайхан: 3,899 нэрийн эм бүртгэлтэйгээс 80 орчим хувь нь импортынх
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ дээрх тогтоолын агуулгын хүрээнд Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр батлуулсан тухай онцлон дурдаж, хуульд эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үнийг зохицуулж, хүн амд чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эм хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нарийвчилсан зохицуулалтууд тусгагдсаныг танилцуулав. Тухайлбал, эмийн хатуу зохицуулалттай улсад бүртгэсэн эмийг түргэвчилсэн байдлаар бүртгэж, эмчилгээнд хэрэглэх, зайлшгүй шаардлагатай эмийг сонгох болон үнийн нэмэгдэх хувь хэмжээнд хязгаарлалт тогтоох, олон улсын чанарын шаардлага хангасан эмийг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагатай гадаад улсаас худалдан авах бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэх, эмийн бүртгэл, зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод болгох, эмийн болон эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус тусад нь зохион байгуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын бүрэн эрхийг дэлгэрэнгүй тусгаж, санхүүжилт, болон хариуцан гүйцэтгэх чиг үүргийг тодорхой болгожээ.
Түүнчлэн Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас эм шинжлэх лабораторийг олон улсын стандартын дагуу бүрэн шинэчлэх хүрээнд ДЭМБ-тай хамтран Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байрны 1000 гаруй шоо дөрвөлжин метр талбайд лабораторийн модулийг угсарч эхлээд байгаа аж. Энэ ажлын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулсан бөгөөд шалгарсан компани манай улсад хоёр удаа ажилласны зэрэгцээ ДЭМБ-ын төв штабаас лабораторийн шинэчлэлийн ажлыг бүхэлд нь хянаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар зураг төслийг эцэслэх шатанд явж байна гэж Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Мөн барилгын гүйцэтгэгчийг олон улсын тендерээр шалгаруулах бөгөөд ирэх тавдугаар сард зарлахаар ажиллаж байгаагаа танилцуулав. Энэ ажилд ДЭМБ-ын “Цар тахлын төсөл”-өөс 2.0 сая орчим ам.доллар зарцуулахаар шийдвэрлүүлээд байгаа юм байна.
Эм хангамжийн байгууллагуудад мөрдөх үндэсний стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлснээ сайд Т.Мөнхсайхан танилцуулж, оролцогч талуудаас саналыг авч, хэлэлцүүлж байгаа талаар дурдлаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 56 улсын 745 үйлдвэрлэгчийн 3,899 нэрийн эм бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн 80 орчим хувь нь импортынх боловч 36.3 хувь нь л ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэгдсэн болохыг тэрбээр мэдээлж, хатуу зохицуулалттай улсад бүртгэгдсэн эмийг итгэлцлийн зохистой дадлын хүрээнд түргэвчилсэн журмаар бүртгэж, зах зээлд нийлүүлэх журам боловсруулж буйг өгүүлэв. Энэ талаар Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ), Япон зэрэг улсуудын тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүй эмийг хямд нийлүүлэх ажлыг өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Үүний хүрээнд 2024 оны 12 дугаар сараас БНСУ-ын таван үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортлож эхэлсний дотор 18 нэрийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэйгөөр буюу зах зээл дээр байгаа ижил төрлийн бусад эмээс 30-90 хувиар хямд олгож байна. Мөн хорт хавдрын эмчилгээний таван нэрийн эмийг үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авч Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж байна. Энэ сард багтаан Швейцарийн Рош үйлдвэрээс таван нэрийн бай эмчилгээний эмийг хүлээн авах хэлцлийг хийгээд байгаа ажээ.
Хуулийн хүрээнд Эмийн болон Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийг тус бүр 15 хүний бүрээлдэхүүнтэй байгуулсан байна. Эмийн үнийг иргэдэд ил тод байлгах, үнийн өсөлтийг хянах, төрийн байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сантай болох тогтолцоог хуульд тусгасны дагуу Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүү мэдээллийн технологийн төвтэй хамтран эмийн бүртгэлийн Лайсмед программд импортын эм, эмнэлгийн хэрэгслийг стандарт код, цувралын дугаар тус бүрээр гаалиар орж ирсэн тоо хэмжээ, үнэ, эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнэ зэрэг 40 өгөгдлөөр бүртгэх, мэдээлэл солилцох боломж бүрдсэн байна. Мөн цахим төлбөрийн баримтын системд эмийн мэдээллийг Засгийн газрын "Их өгөгдлийн (big data) сан"-д дашборд хэлбэрээр тогтмол нийлүүлэх ажил хийгдэж эхэлжээ. Цаашид тус программын хөгжүүлэлтийг үе шаттайгаар хийж, эмийн сангаас худалдан авсан эмийн болон И-баримтын цувралын дугаарыг ижил болгож, хяналтын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгжлийн хяналт, зохицуулалтын газар, түүний зохион байгуулалт, эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгджээ. Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны зэрэгцээ БНСУ-ын Койка байгууллагатай хамтран албан хаагчдын чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа эмийн хяналтын үүрэг чиглэлийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын харьяаллаас гаргаж, Хүнс, эмийн агентлагийг яамныхаас өндөр статустайгаар байгуулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв. Учир нь харъяа агентлаг нь яамнаасаа давж хяналт хэрэгжүүлж чадахгүй, мөн осол гэмтэл, хүнсний болон эмийн хордлого сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байхад холбогдох байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ. Эмийн хяналт, зохицуулалтын байгууллага сайн төлөвшиж амжаагүй байхад хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэмж хариуцуулах боломжгүй, тийм чадавх хараахан бүрдээгүй гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдлаа.



