Ж.Энхбаяр сайдын эрх ашиг хэдэн тэрбумын өртөгтэй вэ?
Жадамбын Энхбаяр. Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, танхимаа эмхэлсний дараа Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга болж, Монгол Төрийн хаалга татсан энэ эрхэм өдгөө Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албыг хашиж байна. Улаанбаатар хотын гааль, Улсын мэргэжлийн хяналтын газарт дэд дарга хүртэл яваад УИХ-ын гишүүн болж дэвсэн нь түүний улс төрийн карьерын оргил үе, 2008 он гэсэн үг. Гэдэг нь энэ үеэс тэрбээр 2020 оныг хууль тогтоох дээд байгууллагаас лав буугаагүй юм. Энэ завсарт нь Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хүртэл хийж явлаа.
Гэвч Ж.Энхбаярын улс төрд орсон шиг улс төрийн карьер нь үргэлж өөд өгссөнгүй. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих учиртай гурван хувийн хүүтэй зээлийг мэдээлэлд ойр байдлаа ашиглаж хамаарал бүхий компанидаа авсан нь илэрснээр хэсэгтээ завсарлага авсан түүхтэй. Авсан ч гэж, өнөөгийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдаар ажиллах үест Ахлах зөвлөхийн албыг хашиж, Төрийн тэргүүн болоход нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар тохоон томилогдсон нэгэн. Үндсэндээ Ж.Энхбаярын улс төрд явсан он жилүүд нь Ерөнхийлөгчийн ивээлд багтаад зогсохгүй шадар хүн болтол нь итгэл хүлээлгэсэн хэрэг. Үүнийхээ хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдож, хоёр ч Засгийн газар дамнан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.
ЖДҮ-ээс зээл авсан, газар, тариалангийн компаниуд үүсгэн байгуулж, өдгөө түүнээсээ хувь эзэмшдэг зэрэг ашиг сонирхол нь түүнийг энэ салбарын сайдаар томилох нь битгий хэл хол байлгах хангалттай үндэслэл, бодит шалтгаан ч Ерөнхийлөгчийн итгэлт хүн гэдгээрээ торолгүй очсон нь олон нийтийн нүдэнд ил байгаа зүйл. Өөрөө ч үүнийгээ баталсан гэлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу нүүлгэж, өрх тусгаарлаад он дамнав. Засгийн газар, түүний бүтэц бүрэлдэхүүн гэдэг кабинетын зарчимтай ч Ж.Энхбаяр сайд л ганцаараа ийм бөх зүрх гаргаж чадсан л юмдаг. Ж.Энхбаяр гэдэг хүн Монгол Улсын сайд уу эсвэл Төв, Сэлэнгэ, Дархан тэргүүтэй Төвийн бүсийн тусгай төлөөлөгч үү гэдэг асуулт зүгээр ч нэг гараагүй нь ийм учиртай.
Хамгийн хачирхалтай нь, Л.Оюун-Эрдэнийн танхимаас Г.Занданшатарын Засгийн газарт “гулсаж” үлдсэн сайд Ж.Энхбаяр төрөл арилжиж, намынхаа мөрийн хөтөлбөрийг үгүйсгээд зогсохгүй нийт малчдад очих учиртай боломжийг боомилсон төслийг Төсвийн тодотголоор оруулж ирсэн нь гайхширал төрүүлэв. Тэр нь Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгасан Зээлийн батлан даалтын сангийн 45 тэрбумаас 40-ийг хасах шийдвэр. Уг нь эл сангаар дамжуулж “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улс орон даяар өрнүүлсэн саяхан, ердөө жилийн өмнөхөн.
Үр дүнд нь нийт 329 сумын 6855 хоршоо, 23581 малчин иргэн зээлд хамрагдаж, 797 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авчээ. Зээлийн эргэн төлөлт эхэлснээс хойш арилжааны банкуудад хэвийн, ямар ч хоцрогдолгүйгээр 20 гаруй тэрбумыг хийжээ. Хэдийгээр зээлийн эргэн төлөлт эхлээд хоёрхон сар болж байгаа ч өнгөрсөн хугацаанд зээл авсан малчид, хоршоологчид улсын татварын санд 500 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Шинэ хоршоо хөдөлгөөн” бодитоор үр дүнгээ өгч буйн баталгаа нь арилжааны банкуудад хийсэн эргэн төлөлтийн хэмжээ.
Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тодотголын сүүдэрт салбарын Ж.Энхбаяр Зээлийн батлан даалтын сангийн активын 90 хувийг танаж, Үндэсний баяр наадмын өмнөхөн малчид, хоршоологчдод бэлэг барив. Уг нь ард түмнээ аюулгүй хүнсээр хангах, өртгийн сүлжээг нэмэгдүүлэх, гүн боловсруулалтын үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлсэн нь энэ Засгийн газар бодлого, МАН-ын мөрийн хөтөлбөрт цагаан дээр хараар бичсэн заалт бий. Гэвч нэг Засгийн газрын өнгөн дээр түүнийг хэрэгжүүлэх тэргүүн фронтод зогсож явсан Ж.Энхбаяр сайд хоёр дахь Ерөнхий сайдынхаа өнгөн дээр үргүй зардлыг бууруулах, бүсээ чангалах, үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах учиртай байтал чоно борооноор гэгчээр улс орны амин асуудал болох хүнсээ бэлдэх, хөдөө аж ахуйн тулгуур түүхий эдийг бодлогоор дэмжих чухал төслийг ийнхүү баллуурдав.
Хамгийн сонирхолтой нь, Хөдөө, аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал гэсэн ерөнхий нэршлийн дор 160 гаруй тэрбум төгрөгийг тусгаснаа бүтнээр үлдээжээ. Нэг үгээр хаана, хэнд, ямар зорилгоор 160 гаруй тэрбумыг төсөвлөснөө сайд Ж.Энхбаяр өөрөө ч нэгд нэгэнгүй тайлбарлаж, тайлагнаж чадахгүй суугаа нь хардлага төрүүлэх эхний шалтгаан. Хоёрдугаарт, хүнсний ногоо, сүү, улаанбуудайн урамшуулал, “Цагаан алт” хөтөлбөрт тус бүрд нь төсөв суулгасан байгаа юм. Үндсэндээ “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөр дамжуулж малчлад олгох Зээлийн батлан даалтын сангийн активыг бүхэлд нь шахуу танасан мөртлөө хаанаас, хэний ашиг сонирхолд нийцүүлсэн 160 тэрбум төгрөг гараад ирэв гэдэг нь асуултын тэмдэг.
Тэгээд ч “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын төсвөөс биш арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс гаргадаг. Өр орлогын харьцаа, эргэн төлөх чадамж, барьцаа хөрөнгө буюу мал зэрэг өөрийн олон шалгуур үзүүлэлтээ өөрсдийн журмынхаа дагуу тавьж, байж олгодог. Малчны зээлийн сайн түүхийн шалгуур ч бий. Ингэхдээ 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг 100 хувийг, 40 хүртэлх сая төгрөгийн зээлийн 90 хувийг, 50 саяын зээлийн 80 хувийг Зээлийн батлан даалтын сан даадаг. Тэгэхийн тулд тодорхой хэмжээний активтай байх ёстой. Тэгэхээр нэг гараараа 160 тэрбумыг тавьдаг, нөгөө гараараа 40 тэрбумыг шууд хасаад сууж байгаа Ж.Энхбаяр сайдын эл үйлдлийн ард том эрх ашиг нуугдаж байна гэж хардахаас өөр аргагүй юм. Гагцхүү хэнийх вэ? гэдэг нь анхаарал татаж байна.
Хамгийн гол нь, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ тэргүүтэй хулгайд нэр холбогдсон улстөрч, сайд, дарга нарын хажууд өөрөөрөө хөдөлмөрлөж, өөрсдөөрөө аж төрж байгаа нь малчид. Тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, тэр хэрээрээ амьжиргаагаа дээшлүүлж яваа улс. Гэтэл сонгуулиар малчдадаа хайр зарлаж, дуусахаар нь тэднийхээ эсрэг ажиллаж, жишим ч үгүй гүлдийгээд яваа Хөдөө, аж ахуйн сайдтай байгаа нь өөрөө гутамшиг биш гэж үү?
Ингэхэд Ж.Энхбаяр сайдын эрх ашиг хэдэн тэрбумын өртөгтэй вэ? Энэ асуултыг малчдын өмнөөс түүнд тавих УИХ-ын гишүүн олон байгаа нь дамжиггүй.
С.Сүлд










