Кувейтийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 2025 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахрыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Н.Учрал Монгол Улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд, тэр дундаа Кувейт Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг хэмээгээд, тус улсын Кувейтийн сан нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав.

Хамтын ажиллагааны хүрээнд:

2023 онд ашиглалтад орсон Түлэнхийн төвийн барилга: Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн тус төсөл нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тав тухтай орчинд авах боломжийг бүрдүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулсан.

Өндөрхаан нисэх буудлын шинэчлэл: 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар бүрэн шинэчлэгдсэн тус буудлын нээлт маргааш болох бөгөөд энэхүү төсөл нь хоёр улсын дипломат харилцааны 50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Шинэчлэгдсэн нисэх буудал нь бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд бодит нөлөө үзүүлнэ гэдгийг талууд онцлов.

Цаашдын хамтын ажиллагаа:

Талууд эрчим хүч зэрэг стратегийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ноён Валийд Аль-Бахр цаашдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.