ТӨСӨВ 2027: Шилжилтийн жил
Н.Учрал Ерөнхий сайд болоод анхныхаа төсвийг УИХ-аар батлууллаа. Өөрийнх нь хэлснээр, олон нийтийн хүлээлтээр ирэх оны төсөв бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалах, ТӨК-иудыг шинэчлэхэд чиглэв. Эдгээрээс хамгийн бодитоор хөрсөн дээр буух өөрчлөлт нь төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг үе шаттай хэрэгжүүлэх бодлого. Ялгаатай нь, энэ удаагийн цалин, тэтгэврийн нэмэгдэл салбар бүрд харилцан адилгүй. Хувь хэмжээ, хугацаатай тусгагдсанаараа онцлог.
Жишээ нь, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл ирэх оны хоёрдугаар улирлаас хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Эсрэгээрээ ахмадын тэтгэвэр, халамж авагчдын орлого нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэхдээ нийт 562 мянган иргэний тэтгэвэр 10 хувиар өснө. Харин энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 430 мянган ахмадад шинээр олгож эхэлсэн 100-300 мянган төгрөгийн "Суурь тэтгэвэр" 2027 онд бүтэн жилийн турш тасралтгүй үргэлжилэхээр хуульчилжээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настны халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөгт хүрч байгаа нь нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн хамгийн эхний бодит алхам болж байна.
Тэгвэл Төрийн үйлчилгээ (ТҮ) ба Төрийн захиргаа, тусгай алба (ТЗ, ТТ)-нд ямар өөрчлөлт орох вэ? 2027 оны хоёрдугаар улирлаас нийт 211 мянга гаруй төрийн албан хаагчийн цалин нэмэгдэх ч хувь хэмжээ нь хоёр өөр. Эмч, багш, хөдөө аж ахуй, цаг уурын зэрэг төрийн үйлчилгээний (ТҮ) албан хаагчдын үндсэн цалин 10 хувиар нэмэгдэх бол төрийн захиргаа (ТЗ) болон төрийн тусгай (ТТ) албаныхны цалин 20 хувиар өсөхөөр болж байна.
Өнгөц харахад захиргаа, тусгай албаныхны цалин хоёр дахин өндөр хувиар нэмэгдэж байгаа мэт боловч үүнийг 2026 оны арваннэгдүгээр сарын нэмэгдэлтэй харьцуулж харах учиртай.
2026 оны сүүлчээр буюу энэ сараас эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 15-50 хувиар түрүүлж нэмсэн. Өөрөөр хэлбэл, ТҮ-ний албан хаагчид 50 хүртэлх хувийн өсөлтийнхөө дээр дахин 10 хувийн нэмэгдэл авч байгаа бол өмнөх шатанд нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн Төрийн захиргаа болон тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг нөхөх зорилгоор 20 хувиар нэмэгдүүлж байгаа юм.
Цалин, тэтгэврийн нэмэгдлээр дагуулсан төсвийн энэ удаагийн тэлэлт нь төрийн албан хаагчид болон ахмадуудын худалдан авах чадварыг инфляцын дарамтаас хамгаалах зорилготойг эндээс харж болохоор.
Ямартай ч төрийн албаны цалингийн сүлжээний тэнцвэрийг хангах, ахмадуудын суурь тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шилжилтийн жил нь 2027 он, түүний хүрээнд хэрэгжүүлэх Төсвийн тухай хууль болох нь тодорхой харагдаж байна.
Г.Эрхэс